Сири дэх ОХУ-ын цэргүүд газар хөдлөлтийн уршгийг арилгах ажлаа үргэлжлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-07 14:58:49

МОСКВА. /Interfax/. Сири улсад байрлаж буй ОХУ-ын цэргүүд газар хөдлөлтийн уршгийг арилгах ажлаа үргэлжлүүлж байгаа талаар тус улсын “Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төв-ийн орлогч дарга, хошууч генерал Олег Егоров мэдээлжээ.


“Газар хөдлөлтийн гамшигт хамгийн их өртсөн Алеппо, Хама, Латакия хотууд болон Джебла, Стаму, Бустан-Эль-Баша суурингуудад зургаан төв байгуулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ” гэж О.Егоров мэдээлсэн байна. 


Үүнээс гадна, Оросын цэргүүд гамшгийн бүсэд барилгын нурангийг зайлуулж цэвэрлэх, нуранги доор дарагдсан хүмүүсийг эрж хайх, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна. 


Хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд 60 гаруй техник хэрэгсэл бүхий 300 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаа аж.


“Хмеймим" онгоцны буудал дээр Оросын цэргийн эмч нарын хөдөлгөөнт эмнэлэг байгуулж, донорын цус авах дөрвөн цэг, мөн Сирийн талд тусламж үзүүлэхэд оролцож буй хүн хүч, техник хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах Хамтарсан төв штаб ажиллуулж байна" гэж О.Егоров мэдээлжээ.


Сирийн Засгийн газарт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт,  Катар зэрэг арав гаруй улс илэрхийлээд байгаа бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байна.


Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас доод тал нь 769 хүн амиа алдаж, 1448 хүн гэмтэж бэртсэн гэж Сирийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 


Холбоотой мэдээ