Монгол Улсад хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах агентлагийг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийн талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө
оруулалт, худалдааны газар нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг
хамгаалах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, түүнтэй холбоотой сурталчилгаа явуулах, аливаа нэг
маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдааг өргөжүүлэх, эдийн
засгийг төрөлжүүлэх асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажиллана. Монгол Улсад
өмнө нь ийм чиг үүрэгтэй байгууллага ажиллаж байсан. Тэрхүү байгууллагыг
сэргээн байгуулсан гэж ойлгож болно.
Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байсан. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг бол тэдний эрх ашгийг хэр хамгаалж байгаагаас ихээхэн шалтгаална. Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахаар ярьж эхэлснээс хойш манай яаманд гомдол цөөнгүй ирж буй. Тиймээс бид гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад ихээхэн анхаарна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг манай яам голлон ажиллах саналаа хүргүүлсэн. УИХ-д яамны зүгээс өргөн барих чигтэй ажиллаж байна" гэв.