СОЁЛЫН ЭЛЧ: С.Саянцэцэг: Бидний амжилт үргэлжилнэ

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2023-02-01 08:53:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, Соёлын элч, Монгол Улсын Консерваторийн дэд профессор, төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй ярилцлаа.


Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр 2019 оноос томилогдон ажиллаж байна. 1993 оноос өдийг хүртэл бие даасан чөлөөт уран бүтээлээрээ Европ, Ази, Америк тивийн орнуудын тоглолтын тайзнаа уран бүтээлээ толилуулсан Монголын анхдагч уран бүтээлч хэмээн нэрлэгдэж  яваа юм.

-Та гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн. Багшлах ажлаа эх орондоо үргэлжлүүлж байгаа гэсэн. Эх орондоо ирэхэд хамгийн эхлээд ямар сэтгэгдэл төрж байв даа? 

-Миний бие “Эх орондоо ихийг хийх хэрэгтэй” гэсэн аавынхаа хүсэлтээр гадаадаас 2012 онд ирсэн. Даанч аав маань хүлээж чадаагүй. Гэсэн хэдий ч ард нь үлдсэн хань, миний сайхан ээж охиноороо үнэхээр бахархаж байгаа. Монгол Улсын Консерваторид 10 гаруй жил ажиллалаа. Шавь нарынхаа амжилтыг дурдвал гадаад, дотоодын 30-аад уралдаан тэмцээнд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргасаар байна. Бидний амжилт үргэлжилнэ гэдэгт найдаж явдаг даа.


-Та өөрийн амьдрал, уран бүтээлийнхээ тухай ярих бүрд аавтай чинь их олон зүйл холбогдож таарна. Аав тань Монголын нэрт хөгжмийн зохилч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж гуай. Дурсахгүй байхын аргагүй хүн байж дээ?

-Миний төгөлдөр хуурын анхны багш аав маань байлаа. Аавынхаа тухай дурсахад мэргэжлийн хөгжмийн зохиолч учраас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан багш, сурган хүмүүжүүлэгч хүн.  Аавын маань “Миний ээж тэмээчин”, “Монгол далай”, “Хатан тунамал Туул”, “Зулай цагаан Алтай”, “Түмэнд өргөх дуу”, “Ээжийнхээ хайраар” зэрэг нийтэд алдартай 600 гаруй дуу нь ард түмний сэтгэлд зүрхэнд мөнхрөн үлдсэн уран бүтээл болжээ. Мөн төгөлдөр хуурт зориулсан олон сайхан бүтээл, бичлэгүүд нь Монголын радио, телевизийн алтан фондод хадгалагдаж байгаа. Аавынхаа төгөлдөр хуурт зориулсан нэлээд хөгжмийн зохиолыг нь тоглосноос гадна гадаадад тоглож буй уран бүтээлийнхээ хөтөлбөрт оруулдаг. Аавынхаа мэндэлсний 80 насны нь ойд зориулан 2019 онд МУУГЗ Ч.Сангидоржийн нэрэмжит анхны тэмцээнээ БШУЯ, МУК-ийн дэмжлэгтэй зохион байгуулсан. Мөн 85 насных нь ойд зориулан 2024 онд хоёр дахь тэмцээнээ олон улсын болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.


-Та гадаад дотоодод олон жил багшаар ажиллаж, олон улсад Монгол орныхоо нэрийг гаргах чадварлаг төгөлдөр хуурчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй хүн. Монгол хүүхдийн хөгжим сурах онцлог, давуу тал юунд оршдог гэж боддог вэ?

-Манай монгол хүүхдүүд ихийг сурах боломжтой. Үүнд сурах орчин, эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй. Мөн мэдээж хөдөлмөр зүтгэл шаардагдана. Соёлын элчийн хувьд монгол хүүхдүүдийн хөгжмийн мэдлэг боловсрол, соёлыг дээшлүүлэхийн тулд зөвхөн хүүхэд гэлтгүй тэдний эцэг эхтэй нь хамтарч ажиллах нь чухал гэж үздэг. 


-Эцэг эхчүүд хүүхдээ мэргэжлийн хөгжимчин болгохгүй ч ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сургахад анхаарах болсон. Энэ нь тухайн хүний соёлын хэмжүүр болно гэсэн ойлголтоос үүдэлтэйгээр эцэг эхчүүд тэгтлээ их чармайж байна уу гэж хардаг?

-Үнэхээр чармайж байгаа. Миний хувьд аав ээж, багш нарынхаа  уламжлуулж ирсэн  гэр бүлийн хүмүүжлийг шавь нартаа өвлүүлэх дуртай. Эцэг эхчүүд “Манай хүүхэд заавал хөгжимчин болох албагүй. Хоёроос гурван дуу сургачихъя” л гэдэг. Хоёр гурван дууг сургахын тулд олон сарын хөдөлмөр хэрэгтэй. Хэлийг хэдэн жил сурч байж хүнтэй харилцдаг билээ дээ, түүнтэй л адил. Ер нь ямар нэг мэргэжлийг эзэмших нь цаг хугацааны асуудал. Олон жил надад шавилж байгаа хүүхдийн ээж аав нар миний хамгийн дотны найз нөхөд болсон байдаг. Мөн Орос, Хятад хүчирхэг хоёр том гүрний дунд байгаагаараа бид азтай гэж боддог. Хоёулаа сонгодог хөгжмөөр дэлхийд тэргүүлж яваа орнууд. Хятадууд манай орны сонгодог урлагийн салбарыг түлхүү хөгжсөн гэдэг. Намайг БНХАУ-ын их сургуулиуд мастерын хичээл заалгахаар урьсан. Энэ бол ганцхан С.Саянцэцэгийн хэрэг биш монгол хүний чадамж гэдгээрээ тэнд үнэлэгдэж байна гэсэн үг.

Миний хувьд хүүхдийн заяасан авьяастайг нь биш, нуугдсан авьяасыг нь нээж хөгжүүлэн соёлтой хувь хүн болгож төлөвшүүлэхэд хамаг анхаарлаа чиглүүлдэг. Хүн туршлага суугаад эхлэхээр өөрийн гэсэн онолтой болдог. Хөгжимчин гэдэг багш нарынхаа заасан эрдэм дээр дөрөөлж, дараа нь өөрийн болгодог сайхан мэргэжил л дээ. МУАЖ Т.Цолмон багш маань миний хайртай, хамгийн дотны найз, миний хөгжмийн “ээж”. Багштай байх, ээжтэй байхтай яг адилхан.


-Бусад багш нарынхаа тухай дурсвал?

-Үнэхээр сайхан асуулт байна. Багш бол ээжтэй зэрэгцэх “эрдмийн ээж” гэсэн үг. Аав МУГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж, МУАЖ Т.Цолмон, Лепшан, ОХУ-ын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Т.Галицкая, ОХУ-ын Ардын жүжигчин, төгөлдөр хуурч, профессор Н.П Емельянова, ОХУ-ын Ардын жүжигчин, төгөлдөр хуурч, профессор М.А.Фёдорова, Испанийн нэрт төгөлдөр хуурч, профессор Гиермо Гонзалес гээд төгөлдөр хуурч профессоруудаас сурсандаа үнэхээр мөргөж явдаг. Мөн 10 жилийн турш хамтран ажилласан МУК-ийн хамт олондоо, багш нартаа бүгдэд нь талархал илэрхийлж байна. Олон жил ажиллахад урамтай, мартагдахгүй өдрүүдээр дүүрэн он жилүүд байлаа. Цаашдаа ч олон жил хамтран ажиллахдаа баяртай байх болно.


-Хүссэн хүн бүр хөгжим сурах боломжтой юу. Таны хувьд өөрийн гэсэн шалгууртай байх?

-Тийм ээ, хүссэн хүн бүр сурах боломжтой. Гэхдээ хүслээрээ хүрч ирдэг хүүхэд цөөхөн. Хүүхэд бүгдийг сонирхдог. Үүнийг нь хөгжүүлэх тал дээр аав, ээжтэй нь хамтарч тулж ажиллахыг хичээдэг. Миний аав ээж хоёр ухаан ороогүй хүүхдийнхээ авьяасыг өөрсдийнхөө хүслээр гаргаж зөв эхлүүлсэн. Тиймээс хүүхдийг анхнаас нь зөв эхлүүлж, тогтвортой явуулах хэрэгтэй.


-Олон улсын уралдаан тэмцээнд таны шавь нар спортынхноос дутахгүй амжилт үзүүлдэг. Тэдэнд олон улсын уралдаан тэмцээнд оролцоход зардал хөрөнгө дээр төр засгаас хэр дэмждэг вэ?

-Биеийн тамир, спорт манай улсад сайн хөгжлөө. Гэтэл сонгодог урлагаар сурч яваа хүүхдүүд сонирхол нь буурч орхигдож байна. Яагаад гэвэл сонсох, харах, үзэх орчин маш их дутагдаж байна. Ер нь төр засгаас сонгодог урлагийнханд илүү анхаарал тавьж, дэмжээсэй гэж дотроо залбирч, өөрийн сурсан сургууль МУК-таа санаа зовж явдаг. Хөгжмийн мэдрэмжийг хүнд заахад маш хэцүү. Тухайлбал, Бетховений хөгжмийг заахын тулд хүүхдэд тохирсон түүхийг ярихад хүүхдийн тоглох хүсэл нь ундарч хөгжмийн аялгуунд нүдэнд нь баярын нулимс цийлэлздэг. Тиймээс хөгжмийн зохиолчийн сэтгэлийн хөдөлгөөнийг заахдээ өөрийн биеэр мэдэрч байж заана. Зөвхөн онол биш, өөрийн тоглолтын туршлага дээр тулгуурлан заахыг хичээдэг.  


-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор уран бүтээлийн чөлөө авсан. Ковидоос шалтгаалан олон ажил орхигдлоо. Тоглолт, фестиваль, тэмцээнээ нөхөхийн тулд цаг хугацаа хэрэгтэй учраас ажиллаж байна.

Соёлын элчийн хувьд Европт байх хугацаандаа төгөлдөр хуур сурч буй монгол хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Тухайлбал, домогт дуучин П.Адарсүрэн агсны зээ хүү, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Гүрбазарын 4 настай зээ охин гэх мэт авьяаслаг шавь нарын маань шинэ гараа удахгүй эхлэх байх аа. Би ихийг хүлээж байна. Энэ ташрамд Штуттгард хотын Ө.Оюунтүлхүүр захиралтай “Солонго” сургуультай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа.


-Соёлын элчийн хувьд Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах талаар ямар ажил хийж байна вэ. Ойрын зорилтоосоо хуваалцана уу?

-Ковидын дараах бие даасан анхны тоглолтын гараагаа 2023 оны 2 дугаар сарын 25-нд эхлүүлнэ. Харин цар тахал намжвал 2023 оны намраас эх орондоо гадаадын уран бүтээлчидтэй хамтран тоглодог тоглолтоо үргэлжлүүлэх бодол бий. Манайд томоохон тоглолт хийе гэхээр зориулалтын заал танхим байдаггүй. УДБЭТ дуурь, балетад зориулсан, Соёлын төв өргөө болохоор акустик нь бидэнд зориулагдаагүй, Улсын филармони гэхэд дэндүү жижиг. Тиймээс стандартын, дор хаяж 600 хүний суудалтай сонгодог хөгжмийн “Сoncert hall” буюу тоглолтын заалтай болчихвол сайхан даа.


-Та ер нь энд тэнд хэр их ярилцлага өгч байв. МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгнө гэхээр юу бодогдож байв?

-МОНЦАМЭ агентлагт олон удаа ярилцлага өгч байгаа. Та бүхэнтэй дахин дахин уулзахад таатай байдаг. Ер нь МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгөх дуртай шүү. 





Холбоотой мэдээ