Б.Болд: Монгол иргэдийн визгүй зорчдог орнууд цөөрсөн гэдэг нь ташаа мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-01-31 10:23:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр өмнө нь визгүй зорчдог байсан 2-3 улс монгол иргэдээс хил гааль дээр виз шаардсан тухай мэдээлэл цацагдсантай холбогдуулж, ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос энэ талаар тодрууллаа.


Тэрбээр “Хэд хоногийн өмнө ийм мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Одоогийн байдлаар Вьетнам Улс руу дипломат албан паспорттай иргэд визгүй зорчиж байна. Уг мэдээлэлд энгийн паспорттой иргэд визгүй зорчдог байсныг болиулсан хэмээн бичсэн нь ташаа мэдээлэл юм. Мөн Индонези рүү визгүй зорчдог байсныг болиулсан гэсэн асуудал хөндөгдсөн. Индонезийн тухайд манай улсыг оролцуулаад 160 орчим орны энгийн паспорттой иргэдийг аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулах шийдвэрийг хэрэгжүүлж байгаад цар тахлын улмаас тус улс энэхүү шийдвэрээ цуцалсан. Энэ нь 2021 оноос хойш буцаад, визтэй зорчдог болсон гэсэн үг.


Дараагийн улс бол Казахстан. Тус улстай байгуулсан визийн хэлэлцээрээр Монголын талаас гаргасан санаачилгын хүрээнд визгүй зорчдогоо болиулсан байна гэсэн яриа гарсан. Манай талаас болоод Казахстаны талаас визгүй зорчдог нөхцөлөө цуцалсан шийдвэр гараагүй. Бүх төрлийн паспорттой иргэд 30 хоногийн хугацаанд чөлөөтэй зорчиж байгаа болно” гэсэн тайлбарыг өглөө.


Манай орны иргэдийн визгүй зорчдог орнуудын жагсаалтыг дараах линкээс https://consul.mn/visa/c/24, үзэх боломжтой юм.

Холбоотой мэдээ