Монголын бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас оролцож буй бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар алтан медалийн төлөө, 55 кг-д Олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, Б.Отгонтуяа нар хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн 50 кг-д Э.Золжаргал, 59 кг-д Х.Болортуяа дагах барилдаан хийхээр болсон. Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр болно.
Олимпын наадмын хоёр удаагийн
аварга, ДАШТ-ий алтан медальт, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит
чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж
ирсэн юм.