ХОВД: Нутгийн онцлох бүтээгдэхүүнийг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-20 15:38:55

Ховд /МОНЦАМЭ/. "Invest Khovd" Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын хүрээнд “Ховд экспо” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд Ховдын онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүнээс гадна Монголын уламжлалт ахуй, соёлын илэрхийлэл болсон гар урлал, хувцас, сүү цагаан идээ, сур суран бүтээгдэхүүнийг өргөнөөр дэлгэжээ.

Мөн энэ үеэр аймаг, сум орон нутгийн барилга, дэд бүтэц,  уул уурхай,  банк санхүү, харилцаа холбоо, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компани, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг сурталчилж, иргэдэд тусгайлсан зөвлөгөө, үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байгаа “Ховд экспо” үзэсгэлэн худалдааг иргэд өргөнөөр үзэж сонирхож байгаа бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, цар хүрээ нэмэгдэж байгааг оролцогчид онцоллоо.

Тодруулбал, Мөнххайрхан сумын Алаг багийн иргэн Б.Цэнгэл сур суран бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргажээ.

Тэрбээр сүүлийн 6-7 жилийн  хугацаанд малын гаралтай түүхий эд болох арьс шир ашиглан морины тоног хэрэглэл, бэлэг дурсгалын суран бүтээгдэхүүн хийж байна.

Түүний аав урианхай угсаатны уламжлалт гар аргаар арьс шир боловсруулж, сур суран бүтээгдэхүүн хийж ирсэн туршлагатай бөгөөд багаж хэрэгсэл нь бэлэн бий. Ингээд Б.Цэнгэл гуай төрийн байгууллагад хийж байсан ажлаа орхиж, хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхлоо дагасан байна.   

Бүтээгдэхүүн хийхээс өмнө нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хангаж, өөрөөр хэлбэл сураа утах, тослох, хэв оруулах зэргээр цаг хугацаа нэлээд зарцуулдаг аж.   

Малчид, иргэд хөдөлмөрчид өдөр тутмын үйл ажиллагаа, морины уналга эдэлгээний явцад сур суран бүтээгдэхүүн хэрэглэх нь багассан. Иймээс мяндас биш сураа тогтмол хэрэглэж хэвших уриалгын дагуу энэхүү ажлаа хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдан борлуулсан бүтээгдэхүүнийхээ судалгаа, үнийн тооцоолол хийхэд 6-10 сая төгрөгийн орлого бүрдүүлж чадсан.  


Өөрөөр хэлбэл, би өөртөө ажлын байр бий болгож чадсан төдийгүй
сард 600-700 мянгөн төгрөгийн орлоготой. Чөлөөт цаг гардаг учраас энэ ажлыг хийх дуртай. Бүтээгдэхүүн хийх ур чадвар минь жил бүр сайжирч, хэрэглэгч нэмэгдэж байгаад баярлаж яваа хэмээн Мөнххайрхан сумын Алаг багийн иргэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Цэнгэл хуучиллаа.



Мөн Алтай сумын үйлдвэрлэл эрхлэгчид гар урлалын бүтээгдэхүүн, захчин угсаатны дээл хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ.


Онцлоход, Алтайн өндөр ууланд ургадаг жалбаас, нохойн хошуу гэсэн эмийн ургамал, чацаргана зэргийг агуулсан “Алтайн уулсын аагтай баавар цай”-г  иргэд нэлээд сонирхож байна. Энэхүү цай бол Алтай сумын брэнд бүтээгдэхүүн юм.
Биеийн алжаал ядаргааг тайлах, даралт бууруулах, хаван хөөх, цусны эргэлтийг сайжруулж, дархлаа дэмжиих зэрэг эрүүл мэндэд ач тустай гэж Алтай сумын үйлдвэрлэл эрхлэгч П.Бадамцэцэг хэллээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан бүтээгдэхүүний нэг бол барилгын чулууны үйлдвэрлэл.


Буянт стандарт ХХК нь байгалийн чулуугаар барилгын материал, чулуун хийц хийх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр нь баруун бүсийн аймгуудын анхны байгалийн чулуун хийц эдлэлийн үйлдвэр гэдгээрээ онцлогтой.


Бүтээгдэхүүнээ одоо Ховд аймаг төдийгүй Улаанбаатар хот, баруун бүсийн аймгуудад
нийлүүлж байгаа бөгөөд ихэвчлэн гудамж талбай, явган хүний замын тохижилтын ажил хийхэд ашигладаг. Мөн барилгын гадна фасадны чулуун хавтан, цонхны тавцан, чулуун плита үйлдвэрлэж, барилга угсралтын компаниудад нийлүүлж байгаа юм. Хоногт 100-160 мкв чулуун хавтан үйлдвэрлэх давуу талтай гэж “Буянт стандарт ХХК-ийн төлөөлөл хэллээ.

Ховд экспо” үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Спортын төв ордон дээр үргэлжилнэ.  


Холбоотой мэдээ