НҮБ-ын Хүүхдийн сан 2023-2027 онд 60 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг монгол хүүхдүүдийн төлөө зориулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-20 14:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Суурин төлөөлөгчөөр 2021 оны 11 дүгээр сард томилогдон ажиллаж байгаа ноён Эваристе Коуасси-Комлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.

  

Ноён Эваристе Коуасси-Комлан нь Нидерланд улсын Усны боловсролын институтийн Ашиглалтын менежментийн магистр цолтой. Түүнчлэн Их Британийн Кембрижийн их сургуулийн Жаджын нэрэмжит Бизнесийн Сургуулийн удирдлага, хөгжлийн сертификаттай. Дэлхийн олон улс оронд хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан бөгөөд энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай юм.


-Ноён Эваристе Коуасси-Комлан танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Монгол Улсад ирээд жил гаруй болжээ. Таны зүгээс Монгол Улсад 2023 онд хүсэх хамгийн чухал зүйл юу вэ?

-Монгол Улсад намайг ирснээс хойш нэг жил нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд олон салбарт олон өсөлт ахиц гарлаа. Монгол Улс нь хүний эрхийн үндсэн хууль эрхийн баримт бичгүүдэд нэгдэн орж, олон улсын хэм хэмжээ, стандартын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлж чадлаа.

 

Нялхсын эндэгдэл, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах түүнчлэн ус, эрүүл ахуйн болон цэцэрлэг сургуулийн хүртээмжийг сайжруулахад онцгой ахицтай ажиллав. Агаарын бохирдлыг бууруулах өнгөрсөн жилийн стратеги болон хөрөнгө оруулалтыг мөн онцолж дурдах нь зүйтэй. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтын олон чиглэлд хийх зүйл их байна.

 

2023 онд хүүхдийн асуудалд бүх түвшинд нэгдмэл санаатай байж, институцын тогтвортой байдал болон илүү их нөөцийг зарцуулаасай гэж хүсэж байна. Бид бүгд хүүхдэд хайртай байдаг болохоор 2023 онд бүх хүүхэд аз жаргалтай, эрүүл энх байгаасай гэж хүсье.

 

-НҮБ-ын Хүүхдийн Сангийн Удирдах зөвлөл өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын 2023-2027 оны шинэ хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн онцлогийн талаар?

-Энэ хөтөлбөр нь 2022 оны есдүгээр сарын 7-нд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэгдэн амжилттай батлагдсаныг дурдахад таатай байна. Удирдах зөвлөлийн хуралд орохоос өмнө энэ хөтөлбөрийн төсөлд саналаа өгч зөвшилцөж ажилласан Гадаад харилцааны яам болон бусад холбогдох яамдад талархсанаа мөн илэрхийлье.


Бидний зорилт бол үндэсний хэмжээнд хүүхэд бүрд тэгш хүрч ажиллах явдал билээ.

 

НҮБ-ын Хүүхдийн Сан нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улстай амжилттай хамтран ажиллаж, хүүхдийн төлөө олон ахиц гаргасан. Гэсэн хэдий ч бидний хийж дуусаагүй болон анхаарлаа хандуулах ёстой шинэ асуудлууд гарч ирсэн  байна. Үүнд: (1)  хүүхдийн хөдөлмөр, (2) таргалалт, (3) чанартай боловсрол ба цахим боловсрол, (4)  ус, эрүүл ахуй, (5) цахим орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, (6) өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, (7) агаарын бохирдол, (8) уур амьсгалын өөрчлөлтийн асуудал орно. Эдгээр асуудал нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 оны хөтөлбөрт орсон байгаа.

 

Нэгдүгээрт, өмнөх хөтөлбөртөө бид гурван аймгийг зорилтот бүс нутаг болгон анхаарч байсан бол шинэ хөтөлбөр нь Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт, үндэсний хэмжээнд хэрэгжих бөгөөд ингэснээр бид аймаг бүрд үнэлгээ хийнэ гэсэн үг. Аймаг бүрийн онцлогт тохируулан боловсруулсан зорилтод хүрч буй эсэхээ үнэлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлгийн үеэр манай баг тухайн аймгийн удирдлагуудтай харилцан хэлэлцэж, хамтарсан шийдлийг эрэлхийлнэ.

 

Хоёрдугаарт, зарчмын шинэчлэлт хийх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хамгийн чухал гурван асуудлын нэг болох хүүхдийн эрүүл мэндийн үзлэг болон боловсролын асуудал. Боловсролын салбарт бид зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд сорилт болоод буй цахим сургалтын асуудалд анхаарна. Хүүхэд хамгааллын нэг хэсэг болох хүүхдийг цахим орчин дахь хүчирхийллээс хамгаалах асуудалд мөн анхаарна.

 

Ирэх таван жилийн шинэ хөтөлбөрийн хүрээнд бид гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг олох,  ялангуяа  цэцэрлэг, сургууль, эмнэлэг, гэр орон сууц болон албан тасалгааны агаарын чанарыг сайжруулахад анхаарна. Үүнээс гадна, эрсдэлтэй бүлгийн иргэдийн эрүүл мэнд, мэдээлэл хүртэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай.

 

Газар зүйн байршлын хувьд бид хөтөлбөрөө Монгол Улсын бусад төвлөрсөн хотууд төдийгүй аймаг бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх хэрэгтэй.

 

Өмнө хэлснээр бид урьд нь тодорхой газарзүйн бүс нутгийг онцлон анхаарч байсан бол одоо Монгол орон даяарх хүүхэд бүрд тэгш хүрч ажиллах зорилттой.


-Хүүхэд хамгаалах хөтөлбөрөө өргөжүүлэх талаар дэлгэрүүлж ярина уу? Учир нь цахим болон цахим бус хүчирхийллээс хүүхдийг хамгаалах асуудал Монголд  урьд өмнө байгаагүйгээр яригдаж байна.

-Ирэх таван жилийн шинэ хөтөлбөртөө хүүхэд хамгааллын асуудалд илүү анхаарна.  Цар тахлын улмаас хүүхдэд тулгарч буй шинэ сорилтуудыг багтаан хүүхэд хамгааллын асуудлаа бид хөтөлбөрийнхөө хамгийн гол хэсэг болгон шинэчилсэн.

 

Цахимаар дарамтлах, дээрэлхэх явдал зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хүүхэд цахим дээрэлхэлт, дарамтлалд өртөх, насандаа тохирохгүй контент үзэх эрсдэл бий.

 

Зүүн Ази, Номхон далайн ихэнх улс хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах зохих ёсны хууль, журам байхгүйгээс болж зарим цахим хүчирхийлэл, мөлжлөгийн тохиолдлуудад эрүүгийн хэрэг үүсгэж чаддаггүй. Өсөн нэмэгдэж буй цахим эрсдэлийг хүүхэд, эцэг эх, багш нар бүрэн ойлгохгүй байна. Хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нар  цахим орчны талаар мэдлэгтэй байж, цахим талбарт ямар нэг асуудал үүсвэл юу хийх ёстой болон хаанаас яаж туслалцаа авах талаар мөн цахим орчинд хэлмэгдэхээс яаж сэргийлэх талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.


Тэгэхээр энэ талаар бид олон хүнийг сургалтад хамруулах шаардлагатай бөгөөд чингэхдээ бид Монгол Улсад байгаа нөөц, чадавхад тулгуурлах нь зүйн хэрэг. Энэ асуудал бол салбар дундын асуудал учраас бид холбогдох яамдтай хамтран ажиллана.


Хууль сахиулах байгууллагууд, цагдаа, боловсрол, хүүхэд хамгааллын алба, Цахим, харилцаа холбооны яам зэрэг бүхий л холбогдох яамд хүүхэд хамгаалах энэ үйлст хамтран ажиллах  хэрэгтэй.

 

Дараагийн асуудал бол цахим бус хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийн асуудалд янз бүрийн түвшний түүний дотор анхан шатны байгууллагуудтай хамтран гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд эцэг эх байх чадварыг сайжруулах, гэр бүлийн гишүүдтэй нүүр тулж ярилцах зэрэг ажлыг хэрхэн хийх вэ гэдэг нь бидний хувьд том сорилт болж байна. Ирж буй шинэ онд хүүхэд гэр бүлийн ямар орчинд амьдарч байна вэ гэдгийг мэдэх нь бидний ажлын тэргүүн чиглэл болно. Эдгээр нөхцөл байдал нь Монгол Улсад хүүхэд хамгаалах үйлсээ бид өргөжүүлэх шалтгаан болж байгаа юм.

 

-Хүүхэд хамгааллын асуудлаас гадна Та бүх аймагт үйл ажиллагаагаа тэлнэ гэж онцоллоо.  Үүнийг хэрэгжүүлэх ямар нөөц, чадавх байгаа вэ?

 

Ирэх таван жилийн хөтөлбөртөө бид 60 сая ам.доллар зарцуулна. Хүүхэд бүрд хүрч ажиллах зарчим бол бидний үйл ажиллагааны үндсэн зарчим билээ. Үүний тулд бид доорх зургаан стратегийн зарчмыг удирдамж болгон ажиллана. Эдгээр зарчим нь бидний үйл ажиллагааны суурь үндсийг тодорхойлно. Үүнд:

 

1) Тогтолцоог бэхжүүлэх;

2) Хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой шийдвэр гаргахад чанартай мэдээлэл, нотолгоог бий болгох

3) Санхүүгийн нөөцийг зохицуулах; 

4) Тогтвортой зах зээлийг бэхжүүлэх;

5) Олон нийтийг чадавхжуулах;

6) Ханган нийлүүлэлт хийх. 


2021 оноос эхлэн тухайн аймгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүнийг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар бид аймгуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа. Ингэснээр бид тухайн аймгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломжтой болно шүү дээ. Жишээ нь, хамгийн сүүлд Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллах үеэрээ би бага насны хүүхдийн цогц хөгжил, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар илүү анхаарч ярилцлаа.

 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник туслалцаа болон олон улсын хэм хэмжээ, стандартад нийцсэн чадамжийн хувьд Монголын хүүхдийн төлөө бид орон нутгийн нөөц бололцоо, түүний дотор хувийн хэвшлийн нөөцийг дайчлан ихэнх аймгийг дэмжин ажиллана.

-Танай шинэ стратегид хувийн хэвшил чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Хувийн хэвшилтэй яаж хамтарч ажиллах талаар дэлгэрүүлж ярина уу?

-Хувийн хэвшлийн салбар бол зөвхөн Монголд бус дэлхийн бусад орнуудад ч мөн адил бидний зорилгод том хувь нэмэр оруулагч юм. Хувийн хэвшил нь өөрийн санхүүгийн нөөц, инновац болон бусад олон асуудлаар хувь нэмэр оруулах боломжтой.


Жишээлбэл, 1) Хувийн хэвшил нь өөрийн технологи, энтрепренер сэтгэлгээ, зах зээлд суурилсан шийдэл, түгээлтийн сүлжээндээ тулгуурлан инновац гаргах, өндөр мэргэшил, чадамжтай байдаг. 2) Хувийн хэвшлийн хөрөнгө оруулах чадавх, менежментийн болон үйл ажиллагааны мэргэшсэн байдал; 3) Хувийн хэвшлийн өргөн хүрээнд ажиллах чадвар, үйл ажиллагааны өргөн цар хүрээ нь ЖДҮ, жижиглэнгийн худалдаачид болон бусад хэрэглэгч нарт хүрэх гол гүүр болдог; 4) Хувийн хэвшлийн санхүүгийн нөөц бололцоо, зах зээлд суурилсан шийдлүүд нь байгаль орчинд тулгарч буй сорилтуудыг тогтвортой байдлаар, өргөн хүрээнд шийдвэрлэх бололцоог олгодог. 5) Хөрөнгийн эдэлгээнд суурилсан хөрөнгө оруулалт; 6) Бодлогод нөлөөлөх, эрх баригчдын санааг гүйцэлдүүлэх чадвар: жишээлбэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр тогтвортой хөгжил, ил тод байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулах явцад хувийн хэвшил нь дорвитой мэдлэгт суурилсан санал оруулж чаддаг. 7) Сайн үйлсийн хандив багтана.

 

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дараах байдлаар хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Үүнд:

Санаачлагчийн хувьд: Дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэн нэвтрүүлэх боломжтой санхүүгийн жинхэнэ өгөөж бүхий санал санаачилга, төсөл шинээр санаачлан боловсруулна. Үүнд техникийн туслалцаа, тэтгэлэг эсвэл холимог санхүүжилт орж болно.

Брокерын хувьд: Амжилттай хэрэгжиж буй төсөл, санаачилгуудыг зорилтот үр дүнд нь хүргэхээр үргэлжлүүлэн дэмжинэ.

Зохицуулагчийн хувьд: Гол оролцогч талуудыг бүрэн хамруулсан форум үүсгэх, нийтийн албаны гол домэйнд хүртээмжтэй байлгах, институцийн чадавхыг бэхжүүлэх, одоо байгаа орон нутгийн сүлжээг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслүүд багтана. Жишээлбэл, бодлого зохицуулалтын дэмжлэг, төслийн гарааны зардал, чадавх бэхжүүлэх төслүүд байж болно.

 

Хувийн хэвшлийнхэн манай дэлхийн гол нөөц баялагт ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд Монгол дахь хүүхдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн томоохон оролцоог уриалах цаг болжээ.

  

Хувийн хэвшил нь олон улсын түвшинд НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагааны үндсэн нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс одоо Монголын хүүхдийн эрхийн асуудалд хувийн хэвшлийн том компаниудыг оролцохыг уриалах цаг нь болсон гэж бодож байна.

 

-Улаанбаатар хотын захиргаанаас албан ёсоор “НҮБ-ийн Хүүхдийн Сан”-ийн нэрэмжит гудамжтай болгосон. Энэ гудамжинд хийх ажлын талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ нь НҮБ-ийн Хүүхдийн Сангийн ажлыг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм. “НҮБ-ийн Хүүхдийн Сан”-ийн нэрэмжит гудамжтай болно гэдэг нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ бол зөвхөн “НҮБ-ийн Хүүхдийн Сан”-ийн гудамж төдийгүй, бас Монголын хүүхдүүдийн гудамж гэж хэлмээр байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг түншүүдтэйгээ илүү өргөн хүрээний, илүү олон тооны, илүү том хэмжээний хамтын ажиллагаатай байх шаардлагатайг харуулж байна.


Хүүхэд энэ гудамжинд ганцаараа алхаж явахдаа, зогсож байхдаа, гудамж хөндлөн гарахдаа аюулгүй байдаг хүүхдэд ээлтэй гудамж байгаасай гэж хүсэж байна. Түүнээс гадна хүүхдийг хөгжөөн баясгах зүйлээр дүүрэн байгаасай.

 

Энэ завшааныг ашиглан хотын захиргаа, дүүрэг болон энэ гудамжны ойр орчимд суугчдад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

-Бүх хүүхдэд зориулж 2023 онд Таны хүсэн ерөөх зүйл?

-2023 онд Монгол Улсын хүүхдийн тулгамдаж буй асуудалд бүх түвшинд илүү нэгдмэл санаатай байж, институцын тогтвортой үйл ажиллагаа болон илүү их нөөцийг зарцуулаасай гэж найдаж байна.

 

Монголын бүх хүүхдэд бид та нарын төлөө энд ажиллаж байгаа шүү, бид та нарт хайртай, та нарыг бүгдээрээ баяр хөөртэй, хайрлагдаж байгаасай гэж хэлмээр байна. Бид бүгдээрээ хүүхдэд хайртай гэдгийг мэднэ, хайрласаар байх ч болно, хүүхэд бүрд шинэ жилдээ шинэ итгэл найдвараар дүүрэн сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөе.

 

2023 он бол манай байгууллагын шинэ таван жилийн хөтөлбөрийн эхлэл учраас бидний хийж байгаа үйлст Монголын иргэн бүрийг, хувийн хэвшлийн нэгж бүрийг нэгдээсэй гэж хүсэж байна.      

 

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Танд баярлалаа.

Холбоотой мэдээ