СҮХБААТАР: Нохойд хазуулсан иргэдэд галзуугийн вакцин нэмж хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-13 14:11:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудал олны анхаарлын төвд байгаа. Эдгээр иргэдийг долоон нохой хазсан гэх бөгөөд нохойнуудыг устгалд оруулж, тархинаас давтан шинжилгээ авахад аль алинд нь галзуу өвчнийг үүсгэгч вирус илрээгүй байна. Тиймээс иргэдэд нэмж галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ. 

Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд ЭМЯ болон бусад байгууллагын зөвлөмжийн дагуу иргэдийг Улаанбаатар хотод давтан нарийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Иргэдийг хазсан нохдын нэгээс бусад нь бүгд эзэнтэй байжээ. Тиймээс нохдын эздэд хариуцлага тооцох аж. Хэрвээ нохдоос галзуугийн вирус илэрсэн бол тухайн иргэн галзуурах цаашлаад нас барах эрсдэлтэй байжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-26-ны хооронд есөн иргэн нохойд хазуулсан гэх үндэслэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, эрүүл мэндийн анхан шатны тусламж авахын зэрэгцээ вакцин хийлгэсэн байна. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагын ажилинууд алдаа гаргаж, тухайн иргэдэд сүрьеэгийн вакциныг өндөр тунгаар тарьсан. Уг хэрэгтэй холбоотой зарим албан хаагчдад хариуцлага тооцож эхэлсэн бол зарим нь үргэлжлүүлэн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ