ХӨВСГӨЛ: Сэтэрлэсэн цааг сүргийн тэргүүн болгож уналга, ачлагад ашигладаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-13 11:15:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатан иргэд эрт дээр үеэс цаа сэтэрлэх зан үйлийг хийж ирсэн байна. “Сэтэр” гэдэг нь цаа буга маллаж байгаа эзэн өөрийн гараар хийсэн өнгийн даавууг хайчилж, ноосон дээр оёж цаа бугын хүзүүнд зүүн бөө зайран, удган хүмүүсээр шившлэг хийн амилуулах зүйлийг хэлнэ. Сэтэртэй цаа буга нь сүргийн тэргүүн, дархан цаа, хотныхоо эзэн болдог бөгөөд уналга, ачлагад хэрэглэдэггүй ажээ.



Сэтэрлэхдээ “Модон аяганд сүү хийгээд цааны зоон дээр тавих нь байгаль дэлхий, уул ус минь цаа бугын сүргийг хамгаалан үр шимээ өгч, муу муухай зүйлсээс сүргээ, эзнээ хамгаалж явна уу хэмээсэн утгатай. Буяны өглөгийг дүүргэсэн гэсэн утгатай аягатай сүү зоон дээр нь тавьдаг.

Модон аягатай сүү унахад гэрийн эзэн “төөрайг, төөрайг, төөрайг” тува үгийг Дархад аялгаар аялгуулан гурван удаа  хэлдэг. Энэ нь сэтэрлэж байгаа цаа буга нь уулс, ус эзэндээ түшигтэй байг гэсэн утгатай үг юм. Модон аяга дээш харж унавал энэ цаа буга нь уул устай холбогдож сүргээ хамгаалж эзэндээ түшигтэй болсон гэсэн үг юм. Энэ цаа нь сэтрээ хүлээж авахдаа бэлэн болсон хэмээгээд цааны хүзүүнд нь гэрийн эзэн хийсэн сэтрээ зүүж өгдөг.

Модон аяга доошоо харж унавал сэтэрлэх гэж байгаа цаа бугыг уул, ус газар нутаг нь хүлээж авахгүй байна гэсэн дохио юм. Энэхүү дарааллаар хар онгодын сэтэр, цагаан онгодын сэтэр, овооны сэтэр, ганзаганы сэтрийг хийдэг. Цаа сэтэрлэх зан үйлийг өнөө үед цөөн тооны ахмадууд л мэдэж  хийдэг ажээ.

Холбоотой мэдээ