Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-11 12:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж буй Улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Ард түмэн засаглах эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүрэн хангагдсан цагт ардчилал үнэ цэнтэй болно. Үүний тулд та бид энд хуран цуглараад байна. Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгон замнаснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Оносон зүйл их бий. Бүхэлдээ бидний сонгосон хөгжлийн зам, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчим буруу биш. Зөв замаасаа бид ухрах ёсгүй, урагшлах ёстой. Гэхдээ бидэнд алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд өнгөрсөн 30 жилд багагүй хуримтлагдсан байна. Тиймээс оносноо баталгаажуулж, туршлага сургамжаа цэгнэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна. Одоо нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд нь бодлогын болон хэрэгжилтийн алдаа гэсэн огтлолцол дээр төвлөрч байна. Энэ бүхнийг цогцоор шийдэхийг нийгэм, цаг үе шаардаж байна.



Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн цэгнэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе иржээ. Харин юуг яаж шинэчлэх, ямар эрэмбэ дараагаар хэрхэн шийдвэрлэхийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан эдгээр асуудлуудыг тодорхойлж, эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гарах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх, үндэсний зөвшлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” УИХ-ын тогтоолыг баталж гаргасан. Нэн тэргүүнд эрдэмтэн судлаачидтай хамтарч нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хоёр дахь нь өнөөдөр ард нийтээ төлөөлөн энэ танхимд цугласан Та бүхэнтэйгээ хэлэлцэн зөвшилцөх гэж байна. Энэ цаг үе маань түүхэн өөрчлөлтийг шаардаж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ. Буруу болохгүй бүхнээ орхиод, шинэчлэлийн төлөө нийтээрээ хэлэлцэж урагшилья. Энэ нүүдэл хөгжил дэвшил тийш сайн сайхан амьдралыг зорих нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.



Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж танилцуулав. Тэрбээр илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгосон байна. Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж буй хэмээн үзэж байгаагаа тодорхой ярив. Ардын Их Хурлын 1991 оны 11 дүгээр сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд орж ирээд Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай сонирхолтой баримт дэлгэв. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм.



Үндсэн илтгэлтэй холбогдуулан чуулга уулзалт оролцогчдын тавьсан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар хариулав. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн 124, Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намаас 26 намын 110, эрдэмтэн судлаачид 51, иргэний нийгмийн болон холбоод, төрийн бус байгууллагын 156, иргэн 75, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар, УИХ-ын гишүүд, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон төрийн зарим байгууллагын албан тушаалтан зэрэг 600 гаруй төлөөлөл оролцож байна.


Үдээс хойших чуулга уулзалт "Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь", "Эрхзүйн шинэчлэл", "Эдийн засгийн шинэчлэл" сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ.


Холбоотой мэдээ