“Sony-Honda”-гийн хамтарсан үйлдвэр цахилгаан автомашины туршилтын загвараа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2023-01-06 15:46:01

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр Японы “Sony Group”, “Honda Motor” компаниудын хамтарсан үйлдвэр “Afeela” брэндийн шинэ цахилгаан автомашиныхаа туршилтын загварыг танилцуулжээ.


Sony Honda Mobility” компанийн дөрвөн хаалгатай седан ангиллын шинэ автомашин нь урд гэрлийнхээ хооронд өөрийн хүссэнээр сольж болох дижитал дэлгэцтэй, их биеийн дотор болон гадна хэсгүүдэд ослоос сэргийлэх олон тооны мэдрэгчтэй байна.


Токио хотод төвтэй хамтарсан үйлдвэр автомашинаа автомат жолоодлогын гуравдугаар түвшний технологи буюу тодорхой нөхцөлт автоматжуулалт, мөн хөдөлгөөнт сүлжээний тавдугаар үеийн системээр тоноглохоор төлөвлөжээ. Мөн зорчигчид “Sony”-гийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар олон дэлгэцээр кино үзэж, тоглоом тоглох боломжтой байна.


Sony Honda Mobility” энэхүү тээврийн хэрэгслээ Хойд Америк дахь “Honda” компанийн үйлдвэрт үйлдвэрлэх бөгөөд 2025 оны эхний хагасаас захиалга авч эхэлж, Хойд Америкийн зах зээлд 2026 оны хавраас, Японд мөн оны сүүлийн хагасаас нийлүүлэх төлөвтэй байна.


Дэлхий нийт бензин хөдөлгүүртэй автомашины хэрэглээнээс цахилгаан тээврийн хэрэгсэл рүү хурдацтай шилжиж байгаатай холбогдуулан автомашин үйлдвэрлэгчид бусад салбарын төлөөллүүдтэй түншлэлийн харилцаагаа эрчимжүүлж байгаа энэ үед “Sony”, Honda” 50-50 хувийн эзэмшил бүхий хамтарсан үйлдвэр байгуулахаар болсон талаараа 2022 оны гуравдугаар сард анх мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ