Б.Алтангэрэл: Монгол, АНУ-ын харилцааны хөгжил нь гуравдагч хөршийн бодлогын хэрэгжилтийн илэрхийлэл болж чадсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-05 08:20:35
@ShoovdorBatbold

Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Булгаагийн Алтангэрэл

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа.

2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр.


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиосон билээ. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д сууж асан Элчин сайд Б.Алтангэрэлтэй ярилцсанаа уншигч Та бүхэнд толилуулж байна.


-Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш манай улсаас 8 дахь Элчин сайд Вашингтонд ажиллаж байгаа юм байна. Та бол 6 дахь Элчин сайд нь. Харьцангуй шинэ үеийн харилцаа, хамтын ажиллагааг мэдэх, үйл явдлуудын гэрч хүн. Тиймээс хоёр орны харилцааны нэн шинэ үеийн талаар Таны сэтгэгдлийг сонирхож байна...?

-Мэдээжийн хэрэг Монгол, Америкийн харилцааг 30 гаруй жилийн хугацаанд авч үзэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл манай хоёр орны харилцааны түүхийг эргэж харвал бидний харилцаа дор хаяад 130 жилийн өмнөөс эхтэй гэдгийг түүх, архивын баримт сэлт нотолж байдаг. Харьцангуй шинэ үеийн харилцаа гэдгийг 1987 онд Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших үеийг хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Энэхүү 35 жилийн харилцаа хэрхэн хөгжиж, өргөжиж ирснийг гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хүний хувьд харж байлаа, хөндлөнгөөс ажиглаж байлаа.  Түүгээр ч барахгүй 2013-2017 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд биечлэн оролцож байлаа. 


Энэ хугацаанд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжил нь манай улсын гуравдагч хөршийн бодлогын хэрэгжилтийн илэрхийлэл, нотолгоо болж чадсан юм. Нэг үгээр хэлэхэд манай хоёр орны харилцаа хөгжсөнөөр манай улсын бусад гуравдагч хөрш орнууд, тухайлбал, Европын Холбоо, өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд болон Өмнөд Солонгос, Япон Улстай харилцаагаа хөгжүүлэх гол тулгуур, жишиг болж чадсан төдийгүй АНУ-аас хөрөнгө оруулалт татах хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой түлхэц болсон гэдэгтэй маргах хүн үгүй байх гэж бодож байна. 


-Таныг Элчин сайд байхад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байлаа. Түүнээс хойш 5 жил өнгөрчээ. Ер нь энэ 30-35 жилийн хугацаанд хоёр орны харилцааг ямар түвшингээс эхэлж, өнөөдөр ямар түвшинд хүрээд байна гэж үзэж байна вэ?

-Маш товчоор хэлбэл, энэхүү 35 жилд хоёр талын харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин тэлж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. 


-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнийг тунхагласан. Ийм харилцааг бий болгосон нь үе үеийн дипломатчдын хичээл зүтгэлийн үр дүн гэж ойлгож байгаа. Таныг Элчин сайдаар ажиллаж байх үед хийгдсэн гол гол бодлого, ажлууд гэвэл Та юуг нь нэрлэх вэ?

-Миний ажилласан хугацаанд Монгол, АНУ-ын харилцаа олон чиглэлээр идэвхжин урагшилсан гэж боддог. Хоёр орны улс төрийн харилцааны түвшин, давтамж хадгалагдан үлдсэн. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн Департамент хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжихийн зэрэгцээ Монгол-АНУ-Японы гурван талт уулзалтыг анх удаа зохион байгуулснаар яриа хэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл бэхжсэн.


Батлан хамгаалах салбарын харилцаанд АНУ-ын буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” (Resolute Support) ажиллагаанд манай улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн оролцуулахаар шийдвэрлэсэн зэрэг чухал үйл явдал болсон. Мөн Монгол Улс АНУ-ын “Эйч2” (H-2) ангиллын ажлын визийн хөтөлбөрт хамрагдах санаачилгыг ЭСЯ-ны зүгээс гаргаж, яриа хэлцээг эхлүүлсэн. Энэ нь сүүлдээ амжилттай ажил хэрэг болсон.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлтэй авахуулсан дурсгалын зураг

АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр байгуулах, хүчин төгөлдөр болгох, МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэх, Хоёрдугаар компакт гэрээнд хамруулах, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хуралдааныг сэргээх, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн идэвхжүүлэхэд чиглэсэн олон ажил хийгдсэн. Энэ дотроос МСК-тай 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулах хэлэлцээг хийж, гэрээг байгуулснаар уг төсөл амжилттай хэрэгжиж буйг дурдахад таатай байна. 


-Хөндлөнгөөс  харахад, Монгол Улс-АНУ-ын харилцаа улс төр, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжсөн, харин эдийн засгийн харилцаа чамлалттай үзүүлэлттэй байдаг. Үүний шалтаг, шалтгаан юу вэ?

-Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн харилцааг явцуу утгаар нь харвал чамлалттай мэт харагдаж болох юм. Өргөн утгаар нь харвал хоёр орны хоорондын эдийн засгийн харилцаа харьцангуй том хэмжээтэй, өргөн цар хүрээг хамарч байдаг. Жишээ хэлэхэд, Дэлхийн Банк, ОУВС, АХБ гээд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, түүний нөхцөлийг тохироход тодорхой хэмжээнд АНУ-ын дэмжлэг, туслалцааг авч байж сая амжилтад хүрдэг. Энэ бол шууд бусаар манай улсад үзүүлж байгаа эдийн засгийн дэмжлэг мөн үү гэвэл мөн. Ийм жишээг олныг дурдаж болно.  Гэхдээ хоёр талын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны хэмжээг өсгөх зэрэгт талууд байнга анхаарч ирсэн, энэ асуудал цаашдаа ч анхаарлын төвд байх л болно.

Элчин сайд Б.Алтангэрэл, эхнэрийн хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга,

Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Жон Керритэй уулзах үеэр дурсгалын зураг татуулав.

-Ер нь Монгол Улс болон АНУ нь өнгөрсөн хугацааныхаа харилцаанд аль аль салбарт илүү ач холбогдол өгч ирсэн вэ? Үр дүн нь ямар байв? Та Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улс цаашдынхаа харилцаанд тэргүүлэх чиглэл болгож ажиллах шаардлагатай гэж үздэг салбаруудыг нэрлэнэ үү?

-Хоёр орны хоорондын харилцааг харвал улс төр, батлан хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагаа хэрэгжсэн байдал ажиглагддаг. Эдгээр салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхааръяа гэсэндээ биш юм. Магадгүй эдгээр салбарт төсөл хэрэгжүүлэх боломж, бололцоо илүү байсантай ч холбоотой байж болно. Бидний хувьд АНУ-тай худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцааг илүү эрчимтэй, идэвхтэй хөгжүүлье гэсэн байнгын зорилго байсан, одоо ч хэвээрээ гэж ойлгож байгаа. Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшин бодит боломжтой харьцуулахад чамлалттай байгаа нь бас үнэн.


АНУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, тэндээс томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн сонирхолыг нь Монголд бий болгох нь манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.


Энэхүү суурь нөхцөл бүрдсэнээр бизнесийн харилцаа жамаараа явах учиртай ч үндэсний аюулгүй байдлын ач холбогдлыг нь давхар тооцож, гуравдагч  хөршүүдтэй хөгжүүлэх эдийн засгийн харилцааг онцгой анхаарах нь чухал юм. Томоохон төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн богино хугацааны бизнесийн ашгийг бус, урт хугацааны стратегийн ач холбогдлыг харгалзан Америкийн компаниудыг төр, засгийн зүгээс бодлогоор дэмжээсэй гэж хүсдэг. Америкийн хөрөнгө оруулалтыг дагаж байгаль орчинд ээлтэй өндөр технологийн зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлага, сайн засаглал, ил тод байдал нэвтэрнэ гэж боддог.


Худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор хоёр талын төдийгүй Монгол-АНУ-Япон, Монгол-АНУ-БНСУ гэсэн гурван талт механизмыг ашиглахад анхаарах нь зүйтэй юм. 


Хоёр орны харилцааны ирээдүйн тэргүүлэх чиглэлийг худалдаа, эдийн засаг салбар гэж харж байгаа боловч батлан хамгаалах, аялал жуулчлалын салбарыг хэрхэвч орхигдуулж болохгүй гэж боддог. 

Холбоотой мэдээ