Ганга нуурын чуулганыг улам өргөжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-29 16:24:08

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулагддаг "Ганга нуурын чуулга-2016" түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийн нэгдсэн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Чуулганд дарьгангын хошууны зургаан сум буюу Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Халзан, Наран, Онгон зэрэг сум оролцдог. Чуулганы хүрээнд иргэдийн гар дээр хадгалагдаж буй биет өвийг дэлгэн танилцуулах, ардын зан үйлийг харуулах, Дарьгангын уламжлалт сүү цагаан идээний үзэсгэлэн гээд найман төрлийн тэмцээн зохион байгуулагдсан багийн дүнгээр Дарьганга сум 1-р байр, халзан сум 2-р, Асгат сум 3-р байрыг тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Ганга нуурын чуулган гэх энэ арга хэмжээгээр дамжуулан ард иргэдийн гар дээр хадгалагдаж буй түүхийн ховор эдлэл буюу биет өвийг дэлгэн олон нийтэд танилцуулж, биет бус өв тээгчдийг алдаршуулдаг.  Мөн Дарьганга нүүдлийн соёл гэх том соёлыг жүжигчилэн хэлбэрээр үзүүлж, залуу хойч үеийнхэндээ зааж сургадгаараа онцлогтой.

Энэ жилийн чуулган өмнөх жилүүдээ бодвол хамрах хүрээгээ тэлсэн, гадны аялагч, жуулчид олгоор зорин ирсэн, дэлгэгдэж буй өв соёлын бүтээлүүдийн тоо олширсон гээд онцлог ихтэй боллоо. Бид цаашид энэхүү арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгуулж, улмаар зөвхөн Дарьгангын хошууны 6 сумаар хязгаарлагдахгүй аймгийнхаа бүх сумдыг хамруулах хэрэгтэй. Цаашлаад  бусад аймгууд, гадны улс орнуудад амьдарч буй Сүхбаатарчуудаа татан оролцуулах боломжийг эрэлхийлэх болно. Мөн зөвхөн Дарьганга суманд зохиодог биш бүх сумдадаа ээлжлэн чуулганаа хийж, улмаар хил дамнан Дарьганга ахуйгаа сурталчлах гээд олон хэлбэрээр хийж болно. Зохион байгуулагчдын зүгээс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх болно гэдгийг Сүхбаатар аймгийн засаг дарга З. Энхтөр хаалтын үгэндээ онцолсон юм.

Тус арга хэмжээг БОНХАЖЯ, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Нью жуулчин турс ХХК, Соёл яруу найргийн академи зэрэг газрууд хамтран зохион байгуулдаг. Хамгийн анхны чуулганаас хойш 3 жилийн хугацаанд Дарьганга суманд 200-аад сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн, 200-300 жилийн түүхтэй 260 орчим өв бүртгэгджээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ