Норвегид цахилгаан автомашины борлуулалт ихээхэн өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-03 17:30:54

ОСЛО. /DW/. Норвегичууд 2022 онд түүхэндээ хамгийн олон цахилгаан автомашин худалдан авсныг даваа гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.


Норвегийн Зам тээврийн холбооны /OFW/ мэдээлснээр, өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн таван автомашин тутмын дөрөв нь цахилгаан автомашин байжээ.


Тодруулбал, 2022 онд улсын хэмжээнд 138 265 цахилгаан автомашин худалдаалагдсан нь суудлын автомашины нийт борлуулалтын 79.3 хувийг эзэлсэн байна. Ингэснээр 2021 онд 65 хувьд хүрээд байсан түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.


Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Норвегийн зах зээлд худалдаалагдсан цахилгаан автомашинуудын 12.2 хувийг эзэлснээр жагсаалтын эхэнд бичигдсэн байна.


Харин Европын Холбоонд 2022 оны эхний есөн сарын хугацаанд шинээр бүртгэгдсэн автомашинуудын ердөө 8.6 хувийг цахилгаан автомашин эзэлжээ.


Норвегийн эрх баригчид цахилгаан автомашиныг татвараас чөлөөлөх зэрэг хэд хэдэн хөнгөлөлт урамшууллыг иргэддээ санал болгосон нь цахилгаан автомашиныг сонгон унахад хувь нэмрээ оруулсан байна.


Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өндөр үнэтэй цахилгаан автомашин худалдан авах хүмүүс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх шаардлагатай болж байгаа юм.


Цахилгаан автомашиныг татвараас чөлөөлсөн нь хорт хийн ялгарлыг бууруулахад нааштай үр нөлөө үзүүлсэн хэдий ч Засгийн газрыг ойролцоогоор 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэсэн гэж Сангийн яам мэдээлжээ.


Үүний зэрэгцээ цахилгаан автомашин эзэмшигчид авто зам ашигласны хураамж, зогсоолын төлбөр зэрэгт хөнгөлөлт эдэлдэг байна. 5.5 сая хүн амтай Норвег улс 2025 он гэхэд бүх автомашиныг хорт утаа ялгаруулдаггүй цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй болгох зорилт дэвшүүлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ