ХОВД: Борцгор хотонгийн бэлгэдэлтэй байгальд ээлтэй мөсний баярыг зориорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-03 12:20:17

Ховд /МОНЦАМЭ/. Монголын том нууруудын нэг бол Ховд аймгийн нутагт орших Хар-Ус нуур юм.


Хар-Ус нуур нь 1153 ам километр талбайтай. 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай
.  


Сүүлийн үед мэргэжлийн байгууллагуудын зүгээс Хар-Ус нуур орчмын шувуудын тухай судалж, шувуу ажиглах аялал зохион байгуулж хэвшжээ.


Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг сэргээх, өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ зун Хар-Ус нуур болон түүний орчмын бүс нутгаар дотоодын 11 мянга гаруй аялагч, гадаадын 530 орчим жуулчин ирж, байгалийн өвөрмөц тогтоц, ховор ургамал, амьтдыг үзэж сонирхсон байна.


Мөн өвлийн улиралд “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярт оролцох, үзэж сонирхохоор гадаад, дотоодоос 10 мянга гаруй хүн Ховд аймаг, тэр дундаа Хар-Ус нуурыг зорин ирдэг гэсэн судалгаа гарчээ.

Энэ нь “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр бол баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болж өргөжиж байгааг харуулж байна.

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт одоогийн байдлаар 17 баг, 35 овгийн 270 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн. Энд борцгор хотон, ямаан сүүлт нугас, реклит цахлай зэрэг нэн ховор шувуу болон цахлай, галуу, нугас гэх мэт шувуудыг үзэх, гэрэл зураг авах боломж нээлттэй бий.

Сонирхуулахад, дэлхий дээр долоон зүйлийн хотон шувуу байдгаас Монголд борцгор хотон л байдаг аж.

Усны шувууд дотроос хамгийн том, “Улаан ном”-д орсон нэн ховор хотон шувуу нь 50 см шахуу урт хошуутай. Тэртээ 1953 онд хотон шувуу агнахыг хориглосон.  


Шувуу судлаачдын хэлж байгаагаар борцгор хотон шувуу нүүдлийнхээ үеэр Монголын хэд хэдэн нуураар дайрдаг боловч зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг.


1960-1970 оны үед хэдэн зуугаараа нүүдэллэн ирдэг байсан энэ шувуу хулгайн анчдын балгаар устаж үгүй болох дээрээ тулаад байжээ.  


Хар-Ус нуур орчмоор нутагладаг малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг зүгээр хараад суусангүй. Сум, аймгийнхантайгаа хамтраад нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай хатуухан тэмцэж эхэлжээ.  


Малчдын бүлгийн энэхүү тэмцэл хэдэн жилийн дараа үр дүнгээ өгч 4-5-хан болж цөөрөөд байсан хотон шувууны тоо толгой эдүгээ 80 гаруй болжээ.  


Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарынхан энэхүү санаачилгыг эхнээс нь бодитоор дэмжин ажилласан гэдэг. Үүнд урамшсан нутгийн малчид Хар-Ус нуурынхаа мөсөн дээр цугларч байгаль орчин, ан амьтнаа хайрлах уриан дор цэнгүүн хийсэн нь “Мөнгөлөг шагшуурга” наадмын эх суурийг тавьсан юм.


Ийнхүү борцгор хотонтой хамт ирсэн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр нь Ховд аймагт аж төрж буй захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 угсаатны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгодгоороо бусад мөсний баяраас ялгардаг.


Мөсний баярыг анх 2009 оноос эхлэн хоёр жилд нэг удаагийн давтамжтай зохион байгуулж байна. 
Байгалиа хайрлан хамгаалах,  өв соёлоо таниулан сурталчлах зорилготой тус баярын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж, “Улаан ном”-д багтсан борцгор хотон шувууны тоо толгой нэмэгдэх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.


Ховд аймгийн нутаг дэвсгэрт түүх соёлын дурсгал, үзэсгэлэнт газрууд, хөшөө, олдворууд нэлээд бий. 
Нутгийн онцлогийг харуулсан “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна.  


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Мөнгөлөг шагшуурга-2023” Хар-Ус нуурын цас мөсний баярыг нэгдүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 


Төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд харилцан санал солилцож, 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай үйл ажиллагааны хуанлийг боловсруулсан байна.  
Үүнд, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 үйл ажиллагааг тусгасан болно. Түүний нэг бол Ховд аймагт 9 дэх удаагаа өрнөх гэж буй “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр юм.

Уг цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэхээр төлөвлөлт хийж байгаа тухай Ховд аймгийн удирдлагууд онцоллоо.

 





 

Холбоотой мэдээ