БАЯН-ӨЛГИЙ: Усанд боогдсон олон тооны жараахайг Ховд гол руу шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-27 11:31:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид тус аймгийн нутаг дэвсгэрт орших Ачит нуурын Усан хоолойд боогдсон олон тооны жараахайг  Ховд гол руу шилжүүллээ.


Тус ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтнууд, Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид, Ачит нуурын байгалийн цогцолборт газар болон Ногооннуур сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулжээ.


Байгаль хамгаалагчид энэ сарын 23-26-ны өдрүүдэд ажиллаж Алтайн сугац загасны нийтдээ 4,5 тонн жараахайг хоёр тээврийн хэрэгслээр 7 км зайд байгаа Ховд голын усанд шилжүүлэн тавьсан байна.


Жараахайнууд усанд боогдох үед тодорхой хэмжээний хорогдол гарсан боловч одоо аюулгүй болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.


Дээрх газарт олон тооны жараахай усанд боогдсон тохиолдол одоогоос гурван жилийн өмнө бас гарч байжээ.

Энэ нь зуны улиралд гандуу байж, голын усны түвшин доогуур хөлдсөнтэй холбоотой ажээ. 



Холбоотой мэдээ