Сумын заан Д.Доржсүрэн 10 давж түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-26 10:46:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд энэ бямба гарагт болсон Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 12 дугаар сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Доржготовын Доржсүрэн 10 даван түрүүлэв.


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Мөнхбатын Цэрэн үзүүрлэв.


Их шөвгийн гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын заан Б.Отгонбаатар шалгарсан бол шөвгийн тавд Завхан аймгийн Нөмрөг сумын заан Ё.Гантулга, Говь-Алтай аймгийн Бугат сумын заан А.Хишигдорж нар үлдэв.


Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаантай бөхийн шагналыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан Амарсанаагийн Амархүүд, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын заан Мөнхбатын Сумьяабазарт тус тус олгов. Эдгээр шагналыг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сүүлийн үед тогтмол олгосон бөгөөд цаашид сар бүрийн барилдаанд уламжлал болгон олгох юм.



Ирэх пүрэв гараг буюу 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болно.

Холбоотой мэдээ