ХОВД: Эко клубийн сурагчид хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-22 12:50:43

Ховд /МОНЦАМЭ/.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон. 

Ховд аймгийн "Ногоон байгаль” эко клубийн гишүүн сурагчид цахим сүлжээнд хяналт тавьж ажиллах үеэрээ хууль бусаар тарвага агнасан, худалдан борлуулах гэсэн зөрчлийг илрүүлж, экологийн цагдаатай хамтран ажиллажээ.

Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн группэд байршуулсан “5J zarna” гэсэн зарыг шалган, "Ногоон байгаль” эко клубийн сурагчид холбогдох байгууллагад мэдээлэл өгч, Цагдаагийн газрын Экологийн цагдаатай хамтран хэргийн газарт ажиллаж зөрчлийг таслан зогсоолоо. 

Энэ үеэр хууль бусаар агнасан нийт зургаан ширхэг тарвагыг хураан авч, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн байна. 


Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, экологи эдийн засгийн үнэлгээг /эм 200.000, эр 170.000 төгрөгийг/ хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулдаг аж.  



Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул эх орныхоо эрүүл онгон дагшин байдал, өөрийн болон хайртай бүхнийхээ төлөө тарвага агнахгүй байхыг “Ногоон байгаль” эко клубийн сурагчид уриаллаа. 

“Ногоон байгаль” эко клубийн сурагчид цахим сүлжээнд нийтэлсэн хууль бус зар мэдээлэлд  цаашид мөн хяналт тавьж, илрүүлэн ажилласнаар орон нутагт хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах боломж бүрдэнэ.

Тус клуб нь Ховд аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй. 

Холбоотой мэдээ