СЭЛЭНГЭ:О.Мөнхбаяр:Цалингийн нэмэгдэл нь цаашид хүний нөөцийн бүрдэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-22 12:48:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цалингийн нэмэгдэл олгож байгаа 8 аймаг байгаа аж. Эдгээр аймгуудын тэргүүн магнайд Өмнөговь аймаг жагсаж байгаа бөгөөд 20 дээр нэмэх 80 зарчмаар буюу 100 хувь, дэд байрт Говьсүмбэр аймаг мөн 100 хувь нэмжээ. Гутгаар байрт Сэлэнгэ аймаг жагсаж байна. тус аймаг 20/30-ийн зарчмаар 50 хувь нэмж байгаа бол араас нь Орхон аймаг 40 хувь гээд үлдсэн 4 аймаг мөн 40 хувийн нэмэгдэл олгож байгаа ажээ.

 

Сэлэнгэ аймаг орон нутгийн төсвийн байгууллага буюу орон нутгийн төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувь хүртэл нэмэгдүүллээ. Аймгийн Засаг даргаас цаашид 100 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг холбогдох албадад үүрэг болгожээ.

 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяртай ярилцлаа.

 

-Цалингийн нэмэгдлийн хэрхэн бодож өгч байна. Ямар байгууллагууд энд хамрагдаж байгаа вэ?

-2023 оны төсөв дээр Сэлэнгэ аймаг орон нутгийн төсвийн байгууллагуудынхаа цалинг нэмлээ. Энэ төсөв аймгийн эдийн засгийн нөхцөл байдалд шууд бодитой хувь нэмэр оруулах буюу 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж чадсан төсөв болсон. Энд орон нутгийн төсвөөс цалин авч байгаа байгууллагуудын л цалин 20 дээр нэмэх 30 буюу 50 хувиар нэмэгдэж байгаа. Тухайлбал аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, сумдын ИТХ, сумдын ЗДТГ, орон нутгаас цалинждаг БОАЖГ, ОНӨГ, Санхүүгийн хяналт, аудитын алба гэх мэт.

 

Сэлэнгэ аймгийн төсөв бүрдээд тэр төсвөөс цалингаа авч байгаа байгууллагуудад цалингийн нэмэгдэл хамаарч байгаа гэсэн үг. Харин Сүхбаатар сумын ЗДТГ-аар жишээ аваад үзэхэд тэнд ажиллаж байгаа татварын байцаагч, халамжийн байцаагч гэх мэт босоо удирдлагатай байгууллагууд орон нутгаас цалин авдаггүй. Аймгийн газраас буюу дээд ерөнхий газраасаа цалин нь ирээд гардаг. Тиймээс эдгээр хүмүүс орон нутгаас цалин өгч болохгүй учраас 30 хувийн нэмэгдэл буюу хүмүүсийн яриад байгаа 20 дээр нэмэх 30 гэсэн нэмэгдэл олгохгүй. Зөвхөн сайдын багц дээр хэрхэн нэмэгдсэн байна тэр нэмэгдлээ л авна.

Харин сумын ЗДТГ-д байгаа Санхүүгийн алба, бусад хуулийн чиглэлийн мэргэжилтэн гэх мэт хүмүүс бүгд 50 хувийн нэмэгдлээ авна.

 

-Цалин дээр төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны алба гэсэн ялгаа байгаа. Энэ хүмүүсийн нэмэгдлийг тодруулж өгнө үү?

-Цалин дээр 2 төрөл байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний ба төрийн захиргааны алба гээд. Төрийн захиргааны алба хаагч нь орон нутгийн нэмэгдэл гэдэг зүйлээр цалин нь 50 хувь нэмэгдэж байгаа. Харин төрийн үйлчилгээний алба хаагч бол Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтны авах цалингийн доод хэмжээг тогтоогоод өгчихсөн. Иймээс тэр цалингийн доод хэмжээг манай аймаг 30-40 хувиар нэмэгдүүлж өгч байгаа юм. Ингэхээр аймгийн хувьд төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 40 хувь, төрийн захиргааны алба хаагчдын цалинг орон нутгийн нэмэгдэл 50 хувь гэсэн хоёр зарчмаар олгож байгаа.

 

-Цалингийн нэмэгдлийг орон нутаг мэдээж орлого их л олбол цаашид нэмэгдээд байх нь гэж ойлгосон. Мөн цалин нэмэгдсэнээр алба хаагчдад эерэг үзүүлэлт өгч чадах байх гэж бодож байна?

-Цалингийн нэмэгдэл дээр орон нутаг маань чадвартай төрийн алба хаагч, бүх боломжит хувилбарыг хийгээд хүний нөөцийнхөө бүрдэлтийг 100 хувь болгох боломж нээгдэж байна гэсэн үг. Мэдээж дараа нь сайдууд хүний нөөцөө алдахгүйн тулд орон нутгийн хэмжээнд цалингаа нэмэх асуудлууд үүснэ байх. Цаашид цалингаа 100 хувь нэмэгдүүлэхийн төлөө ажиллах талаар аймгийн дарга үүрэг чиглэл өгсөн.

2023 онд дээр 50 хувь нэмлээ. Ирэх 2024 онд 100 хувь болгох тооцоо судалгааг гарга, орлого ол, бүх орлогоо дайчил гэсэн үүрэг чиглэлийг аймгийн дарга өгсөн байгаа.

 

Холбоотой мэдээ