Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-12-20 16:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль, “Балдорж” сантай хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны дүн гарч, шилдгүүд шагналаа гардлаа.


Энэ удаагийн уралдаанд 15 судлаач бүтээлээ илгээжээ. Уралдааны тэргүүн байрт сэтгүүлч Б.Хорвоо “Мэдээнээс үүдэлтэй сэтгэл зүйн эмгэгүүд хийгээд тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө” шүүмжээр шалгарав. Тэрбээр хэлэхдээ, “Би өмнө нь СУИС-ийг мэдээлэл зүйн мэргэжилтнээр суралцаж төгссөн. Одоо МУИС-д утга зохиол судлалын мэргэжилтнээр суралцаж байна. Энэ удаагийн уралдаанд “Мэдээнээс үүдэлтэй сэтгэл зүйн эмгэгүүд хийгээд тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө” шүүүмжээр оролцлоо. Тав дахь удаагаа энэхүү шүүмжийн уралдаанд оролцсон. Анх 2018 онд багш маань шүүмжийн уралдаан байдаг гэхээр нь шүүмж бичиж үзсэн. Сэтгүүл зүй гэдэг чухал мэргэжлийг ойлгуулж, мэдрүүлж, зааж сургаж өгсөн багш нартаа баярлалаа. Сэтгүүл зүй судлалд шүүмжийн чиглэлээр илүү сайн сурч, хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Харин хоёрдугаар байрт СУИС-ийн Соёл урлаг судлалын  хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Малчид ба түүний дайснуудыг тодруулсан тухай” шүүмжээр, гууравдугаар байрт zindaa.mn сайтын эрхлэгч Э.Адъяасүрэн “Нөхөө” ярилцлага буюу үхсэн хүн үг хэлдэг үү?” шүүмжээр тус тус шалгарчээ.


Уралдаанд оролцож буй судлаачдын бүтээл жил ирэх тусам сайжирч, ялангуяа залуу судлаачдын идэвх оролцоо, бүтээлийн чанар чансаа өсөж буйг шүүгчид онцлов.


Уралдааны шүүгчээр СУИС-ийн РТМУС-ийн захирал Г.Сүхбат, Монгол Улсын гавьат багш, доктор, профессор Ж.Баянсан, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ч.Алтанцэцэг, хяналтын шүүгчээр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос нар ажиллажээ.


Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалын орон зайг төлөвшүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сэтгүүл зүйн бүтээлийг чамбайруулах, сургалтыг онол практиктай хослуулж шүүмж судлалын орчин бүрдүүлэх зорилгоор 2017 оноос зохион байгуулж буй тус уралдаанд таван жилийн хугацаанд нийт 120 орчим судлаач шүүмжийн бүтээлээр оролцоод байна. 










Холбоотой мэдээ