ДАРХАН-УУЛ: Эрт илрүүлгийн үзлэгт залуусын идэвх муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-20 14:39:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгт аймгийн хэмжээнд 21.600 гаруй иргэн хамрагджээ. Бусад орон нутагтай харьцуулахад хамрагдалт сайн байгаа хэдий ч аймгийн хэмжээнд 18-30 насны залуучуудын идэвх муу, үзлэг шинжилгээнд хамрагдалтад анхаарахгүй байна гэж Эрүүл мэндийг дэмжих төвийн эрхлэгч Э.Төрмөнх хэллээ.

Дархан сумын хэмжээнд улсын нэг, хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэг хийж байна. Уг үзлэгийн зорилго нь иргэдийн дунд зонхилон тохиолддог халдварт бус өвчлөл болон халдварт өвчнийг эрт үед нь илрүүлэх, эрүүл мэнд, амь насанд хохирол учрахаас өмнө оношилж эмчлэх боломжийг нээхээр улс даяар эхлүүлсэн.

Дархан-Уул аймгийн тухайд хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, бөөр, шээс дамжуулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд зонхилон илэрч байгаа аж. Нийт үзлэгт хамрагдаж буй иргэдээс хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл илэрч байгаагаас 30-45 насныханд илүү зонхилж буйг онцолж байлаа. Тиймээс зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлийн гишүүн бүр эрүүл мэнддээ анхаарч зөв дадал зуршилтай болох хэрэгтэй аж.

Нэгдсэн эмнэлгийн харьяа Эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 35-40 хүнд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийж байна.

Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх уг үзлэгт 10.000 гаруй иргэнийг хамруулах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Улс даяар нэгэн зэрэг эхэлсэн энэхүү үзлэгт аймгийн нийт иргэдийн тавиас дээш хувийг хамруулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч 18-45 насныхны идэвх сул, хамрагдалтын хувь бага үзүүлэлттэй байна. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, ямар нэгэн өвчний зовуурь байхгүй хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг тус төвөөс уриаллаа.

Холбоотой мэдээ