ХОВД: Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын 90 хувь нь нүхэн жорлон ашигладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-16 14:38:21

Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Швейцар олон улсын байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн Манхан суманд “Сургуулийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн инновац нэвтрүүлсэн байгууламж төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Манхан сумын сургууль болон дотуур байрны хүүхдүүдэд зориулсан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй “Ус хангамж ариун цэвэр эрүүл ахуйн цогц байгууламж” буюу халуун ус,  дотор эко бие засах газар, гар угаалтуур, худаг зэргийг барьж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.  
  
 

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар хөдөөгийн сумдын сургуульд сурч, дотуур байранд амьдарч байгаа сурагчдын 90 хувь нь гадна бие засаж, нүхэн жорлон ашиглаж байна.  

Үүний нэг бол Ховд аймгийн Манхан сумын сургууль, дотуур байр байсан.  


Харин өнөөдрөөс эхлэн Манхан сумын сургууль болон дотуур байрыг түшиглэсэн “Ус хангамж ариун цэвэр эрүүл ахуйн цогц байгууламж”-аар хангагдсанаар хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл ахуйн зан үйл, зөв дадлыг нэвтрүүлэх, хөдөө орон нутгийн малчдын хүүхдүүд ая тухтай, ээлтэй орчинд амьдрах, сурч хөгжих,боломж бүрдэж байна.  

 

Ийнхүү төслийн зорилтын дагуу орон нутгийн хүүхдүүд болон иргэдийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж нэмэгдлээ. Тэд өвлийн хүйтэнд гадна модон жорлон ашиглах шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл, Манхан сумын сургуулийн 700 гаруй сурагч, 76 багш ажилтан, дотуур байранд амьдарч байгаа 100 гаруй хүүхэд болон сумын төвийн 50-иад айл өрх, 250 орчим хүн энэхүү төслийн үр шимийг хүртэхээр байна.  


Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч байгаа хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, чадамжийг сайжруулах чиглэлээр урт богино хугацааны төсөл, хөгжлийн хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн нь олон эерэг үр дүн авч ирж байна. Энэ удаа Ховд аймгийн Манхан сумын сургууль, дотуур байрны үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлсэнд сумын удирдлага, сургууль, дотуур байрны хамт олон, багш сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл талархал илэрхийлж байв. 

Холбоотой мэдээ