Оросын Паралимпын хороо Швейцарийн холбооны шүүхэд давж заалдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-27 23:57:18

МОСКВА. /ТАSS/. Ирэх сард Рио-де-Жанейро хотноо болох Паралимпод бүх тамирчныг нь оролцохыг хориглосон шийдвэрийг Спортын арбитрын шүүх /САШ/ хэвээр үлдээсэнтэй холбогдуулан Швейцарийн холбооны шүүхэд Оросын Паралимпын хороо /ОПХ/ давж заалджээ.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулиантай холбогдуулан Олон улсын Паралимпын хороо ОПХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлж, тамирчдыг Риогийн Паралимпод оролцохыг хориглож байгаагаа энэ сарын 7-нд зарласан юм. Үүнийг эсэргүүцэн ОПХ Швейцарьт төвтэй САШ-д давж заалдсан боловч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

ОПХ-ны ерөнхийлөгч Владимир Лукин баасан гарагт мэдэгдэхдээ “бид Швейцарийн холбооны шүүхэд давж заалдсан” гэв.

Түүний хэлснээр, давж заалдах шатны шүүх хурал ирэх даваа гарагт эхэлнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ