СЭЛЭНГЭ: Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын 2022 оны 9 дүгээр
хурлаар орон нутгийн төсөвт тодотгол хийж, ЕБС,
цэцэрлэгүүдэд урсгал засварын хөрөнгийг шийдвэрлэж өгснөөрөө онцлог хурал
болсон.
Дээрх хуралдаанаас боловсролын салбарт
анхаарч, төсвийнхөө бараг тал орчим хувь буюу 450 орчим сая төгрөгийг зориулсан.
Тухайлбал Сүхбаатар сумын нийт сургууль, цэцэрлэгт бүгдэд нь урсгал засвар
дээр тус бүр 15 сая төгрөг тавьж өгчээ.
Энэхүү ажлын гүйцэтгэл, үр дүн хэрхэн
байгаа эсэхтэй сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны ажлын хэсгээс энэ
сарын 9-13-ний өдрүүдэд танилцлаа.
Сүхбаатар сумын сургууль, цэцэрлэгүүд
өөр өөрсдийн онцлог нөхцөлд тохирсон танхим байгуулах, орчин нөхцөлөө
сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг тодорхой хэмжээгээр хийж
гүйцэтгэсэн байна.
Тодруулбал Монгол улсад хоёр байдаг
сувиллын яслийн нэг Сүхбаатар суманд байдаг. Энэ яслид 48 хүүхэд бүртгэлтэй
байдаг ч эдгээр хүүхдүүд өөрийн байр байхгүйн улмаас “Насан туршийн боловсрол”
гэдэг байгууллагын нэг ангийг түрээсэлж иржээ.
Энэ асуудлыг шийдэх үүднээс Төмөр замын
“Бүжинхэн” цэцэрлэг шинэ байранд орсноор, хуучин барилгыг
засварлаж, тордох урсгал засварын ажилд мөн хурлаас 204.5 сая төгрөгийг тодотголоор баталж
өгчээ.
Тус байрны засварыг үр дүнтэй хийж, өнгөрсөн
долоо хоногт шинэ байрандаа шилжин орсноор сувиллын яслийн хүүхдүүд өөрийн
байртай болжээ.
Тус Хүүхдийн сувилал буюу Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэг нь 2022-2023
оны хичээлийн шинэ жилд 16 багш ажилтантай, 2-5 насны 58 хүүхэдтэй, ажлын тав
хоногт 24 цагийн 1 бүлэг, өдрийн 8 цагаар ажилладаг 3 бүлэгтэй үйл ажиллагаагаа
өргөжүүлэн ажиллах боломж бүрдлээ.