Энэтхэгт ядуу эр эхнэрийнхээ цогцсыг 12 км газар үүрч авч явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-27 12:22:17

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Эмнэлэгт нас барсан эхнэрийнхээ цогцсыг Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужийн нэгэн тосгоны оршин суугч 12 км газар үүрч авч явжээ.

Эхнэрийнх нь цогцсыг эмнэлгийн албаны хүмүүс унаагаар гэрт нь хүргэж өгөхөөс татгалзсаны улмаас ядуу эр үүрч авч явахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ.

Дана Мажхигийн эхнэр нь Бхаванипатна хотын эмнэлэгт өнгөрсөн мягмар гарагт сүрьеэгээр нас баржээ. Энэ хот нь тэдний тосгоноос 60 км зайтай аж.

Цагаан хэрэгслээр ороосон эхнэрийнхээ цогцсыг үүрэн 10 км замыг туулаад байхад нь лхагва гарагт нутгийн оршин суугчид олж харжээ. 12 настай охин нь уйлаад, түүнийг дагаад явж байсан байна.

Тэдний энэ өрөвдмөөр, эмгэнэлт дүр зураг Энэтхэгийн телевизүүдээр гарч, нийгмийн сүлжээнд хурдан тархжээ.

Мажхи нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “эмнэлэгт би удаа дараа хүсэлт гаргасан боловч миний эхнэрийн цогцсыг гэр рүү хүргэж өгөх унаа гаргаж өгөөгүй. Унаа байхгүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлсэн” гэв.

Тэдний тухай мэдээлэл улс орон даяар цацагдсаны дараа тус хотын албаны хүмүүс түргэн тусламжийн тэрэг гаргаж өгчээ. Ингээд тэд үлдсэн 50 орчим км замыг түргэний машинаар туулан тосгондоо очсон байна.

Ядуурлын босгоос доогуур орлоготой 270 сая гаруй хүнтэй энэ улсад цогцос тээвэрлэх унаа тэрэгний асуудлыг онцолсон хэрэг сүүлийн үед нэг бус удаа гарсан юм.

Тухайлбал, энэ долоо хоногийн лхагва гарагт мөн Одиша мужийн Соро хотод галт тэргэнд дайруулан амиа алдсан 76 настай хөгшний цогцсыг үүрч авч явж байгаа төмөр замын цагдаагийн зураг нийгмийн сүлжээнд тавигдсан байсан билээ.

Энэ хөгшний хүү ярилцлага өгөхдөө “миний ээжийг яг л үхсэн амьтан шиг авч явж байсан. Үнэхээр зүрх шимширсэн” гэжээ.

Мөн лхагва гарагт, тээврийн мөнгөгүйн улмаас 45 настай залуугийн цогцсыг ар гэрийнхэн нь эмнэлгийн ойролцоо хаяад явсан байсан аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ