Элиан Жарри: Монголд эрчим хүч хэмнэх бүрэн боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-12-07 12:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айл өрхийг дулаалгаар хангаж, эрчим хүч хэмнэх “Дулааны шийдэл” төслийн хоёр дахь шатны нээлт өнөөдөр “Блью Скай” зочид буудалд боллоо. Тус төслийг Европын холбооны “Свич Эшиа” хөтөлбөрийн санхүүжилтээр Франц улсад төвтэй, олон улсын “Жэрэс” ТББ манай улсын БХБЯ, Барилгын үндэсний ассоциац зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.




Төслийн эхний шатанд нийслэлд 1546 айл өрхийг хамруулан дулаалгыг шийдэж өгсөн бол хоёр дахь шатанд 5900 айлыг оролцуулахаар зорьж буйг өнөөдөр танилцууллаа. Ингэснээр нүүрс хүчлийн хийн ялгарлыг 17.7 мянган тонноор бууруулахаар ажиллаж буйг төслийн дэд менежер Б.Даваажаргал мэдэгдлээ.




Төслийн эхний шат 2018-2022 онд 3.5 мянган тонноор бууруулсан үр дүнтэй ажиллажээ. Нэг ёсондоо айл өрхүүдэд дулааны алдагдлыг 14 хувиар бууруулжээ. Энэ хэмжээгээр цахилгаан, эрчим хүч хэмнэсэн байна.

Төслийн талаар бид манай улсад ажиллаж буй олон улсын “Жэрэс” ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Элиан Жарригаас тодруулав.




-Та бүхэн Монгол оронтой анх яаж холбогдов. Мөн танай байгууллага манай улсыг яагаад сонгох болов?

-Манайх ер нь үйл ажиллагаагаа Төв Азид явуулдаг байгууллага. Афганистан улсад нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, энэ талын мэдээлэл түгээж хэрэгжүүлэх зорилгоор ажиллаж байгаад 2010 онд Монголд мөн нарны эрчим хүч ашиглан хүлэмжээр дамжуулан хүнсний ногоо тарих, эко зоорь хөгжүүлэх санаачилга бүхий хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр анх ажилласан.



Улмаар эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах боломж байгааг анх олж харж, сургууль, цэцэрлэг, түр хамгаалах байр зэрэг олон нийтийн, нийгмийн чанартай барилга, байгууламжид эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор мэдээлэл түгээх, энэ талын орон нутгийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ингэснээр үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод төвлөрүүлж амины орон сууц, гэр хорооллын айлуудын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм гэв.




“Дулааны шийдэл” төсөл нь Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлийг боловсруулан нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэх чиглэлээр барилгын дулаалгын бригадуудыг бэлтгэх, айл өрхүүдийг дулаалгын материалаар хангах, хэрэглэх зээл олголтыг дэмжих зэргээр ажиллаж байна. 



Холбоотой мэдээ