Увсын шигшээ баг шигшээ наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-02 10:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ нь СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны барилдаан пүрэв гарагт эхэллээ.


Энэ барилдаанд Увс аймгийн баг Баянгол дүүргийн багтай сугалаа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 19:6-аар ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.


Увс аймгийн багт улсын аварга П.Бүрэнтөгс /4 даваа/, улсын гарди Ө.Бат-Орших /3/, улсын харцага Т.Баасанхүү /5/, Ц.Мөнхбаяр /3/, улсын начин О.Түмэн /4/ даваатай барилдсан бол Баянгол дүүргийн багт аймгийн арслан Б.Очирхүү /1/, Г.Дармаажанцан /0/, Г.Ганбаатар /1/, Х.Энхчулуун /1/, Д.Ням-Очир /3/ даваа авсан юм.


Увсын багаас даян аварга Н.Батсуурь гадаад руу тэмцээнд явсан тул энэ удаагийн барилдааныг өнжиж, аймгийн заан Т.Батсүрэн гэмтлийн улмаас барилдах боломжгүй болж оронд нь улсын гарди Ө.Бат-Орших барилдлаа.


Харин Баянгол дүүргийн багаас аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ мөн гадаад руу тэмцээнд явсан тул оронд нь аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн харцага Б.Түвшинтулга гэмтсэн тул оронд нь аймгийн арслан Х.Энхчулуун нар орж барилдлаа.


Ялсан баг шагналын 5 сая төгрөг гардаж авсан бол барилдаад давсан бөхчүүд давааныхаа мөнгөө авлаа.


Өнөөдөр орой 19.00 цагаас Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай өрсөлдөнө. 

Холбоотой мэдээ