АЙЛЧЛАЛ: Ч.Номин: Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-01 05:23:36

Токио /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Морин хуурын чуулга Японы алдарт “NHK Hall 11 дүгээр сарын 30-нд хүндэтгэлийн тоглолт хийлээ. Энэ талаар айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтаж яваа Соёлын сайд Ч.Номинтой ярилцав.


-Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монгол Улсын Засгийн газар Япон улстай дипломат харилцаа тогтоосны ойг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр талаасаа  төлөвлөгөө гарган ажиллалаа. Зөвхөн соёлын салбар гэлтгүй улс төр, боловсрол, нийгэм, хүмүүнлэгийн гээд олон салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.


Энэхүү тоглолт бидний бүтэн жилийн турш хийсэн соёлын хамтын ажиллагааг ерөнхийд нь дүгнэхүйц маш амжилттай боллоо. Японы ард түмэн бидний язгуур урлагийг яг бидэнтэй адил сэтгэл зүрхнээсээ ойлгож үзэж байгаа нь бидний ард түмэн өөр, өөрсдийнхөө соёл урлаг, үндэсний өвийг хэрхэн хайрлаж, хүндэтгэж буйн илрэл гэж бодож байна. Үүний адилаар Япон Улсаас мөн алдартай хамтлаг, үндэсний бэсрэг хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулсан. Тэр тоглолтын үеэр Японы алдарт “Kitaguni No Haru буюу “Хойд нутгийн хавар” дууг Соёлын төв өргөө дүүрэн монголчууд түрж дуулсан нь соёлын хувьд биесээ ихээр танин мэдсэний илэрхийлэл юм. Тоглолтын тухайд оролцсон хүмүүс маш их сэтгэл хангалуун үлдлээ.


-Морин хуурын чуулга дэлхийд алдартай “NHK Hall-д анх удаагаа бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь их олзуурхууштай байлаа. Жишээ нь, дэлхийн хэмжээний тайз гэдэг талаасаа. Өөр ямар онцлог, давуу талууд бий болов?

-Монгол Улсын Морин хуурын чуулга дэлхийд улс орныхоо үндэсний хөгжим, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа урдаа барих чуулга. Өнгөрсөн хугацаанд НҮБ, ЮНЕСКО зэрэг дэлхийд алдартай бүхий л тайзан дээр монгол аялгууг хуурдаж байсан. Энэ удаад айлчлалын хүрээнд Япон улсын нэр хүндтэй “NHK Hall-д тоглосон нь бүрэн хэмжээний тоглолт хийж байгаа Монголын анхны найрал хөгжмийн хамтлаг болж тэмдэглэгдэж байна. Морин хуурын чуулга 1997 оноос хойш Япон улсад 33 удаагийн айлчлан тоглолтоор 200 гаруй тоглолт арга хэмжээнд оролцсон байдаг. Энэ тоо нь манай соёл урлагийнхан хоёр улсын найрамдалт харилцаанд ямар их хувь нэмэр оруулж байгааг илтгэх байх. Нөгөө талдаа бидний үндэсний хөгжмийг ихэд сонирхож сонсдог, багаасаа маш өндөр хөгжмийн боловсролд суралцдаг Япончуудад талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэр дундаа Морин хуурын чуулгыг анх Японд хөтөлж хүргэсэн, Монголын соёлыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монгол Улсын Соёлын элч Сато Норико, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй хамтарч ажилласан бүх хүнд талархал илэрхийлье.


-Морин хуурын чуулга тайзнаа өөр өнгө төрхтэй гарч ирлээ л дээ. Хувцас загварын хувьд өөрчлөгдсөн харагдаж байна?

-Тийм, тийм ганцхан хувцас загварын хувьд ч биш. Монголчууд морин хуурын чуулга гэхээр шар өнгөтэй хувцас хэрэглэлээр нь мэддэг. Маш олон ч жил өмссөн. Улсын төсөвт байгууллага учраас тэр бүр хувцас загвараа өөрчлөөд байдаггүй. Соёлын яамнаас “Монгол урлаг дэлхийн тайзнаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж соёл урлагаа дэлхийн алдартай тайз, театр, дэлгэцээр дамжуулан олон улсад сурталчлах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжид Морин хуурын чуулгын брэндийг бүрэн шинэчилсэн.


Өөрөөр хэлбэл, тамирчид улс эх орноо төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцохдоо бүгд ижил хувцастай байдаг. Үүн шиг улс орноо төлөөлж байгаа соёл урлагийн салбарынхаа уран бүтээлчдийн хувцас хэрэглэлийг ээлж дараатай сольж байгаа.


Энэ ажилд манай хувцас, загварын салбарынхан оролцож, тухайн байгууллагын хэв маяг, онцлогт нь нийцүүлэн тоглолтын дээл ууж, бүс, малгай, гутал төдийгүй гоёл чимэглэлийн хэрэглэл, тоглолтын бус үед өмсөх хүрэм, цүнх гээд бүхий л хэрэгцээт зүйлсийг уламжлал шинэчлэл хосолсон байдлаар урлаж өгсөн. Урлагийнхан ихэвчлэн тайзан дээр байдаг учраас ямар хээ угалз, бэлгэдлийг илүү тод харуулах, гэрэл сүүдэрт хэрхэн өөрчлөгдөх гэх мэт их няхуур, нямбай ажил болсон. Цаашдаа ээлж дараатай шинэчлэхээр төлөвлөж байгаа.


-Энэхүү тоглолт Монгол, Японы соёлын салбарт ямартай ч маш том хамтын ажиллагаа болж чадлаа. Энэ жил онцлох өөр ямар ажлуудыг Япончуудтай хамтран хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол Улс 1972 онд Япон Улстай дипломат харилцаа тогтоогоод, хоёр жилийн дараа соёлын харилцааны гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ маш сайн хэрэгжиж байгаа. Тухайлбал, 2022 оныг хоёр талаасаа “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан. Соёл урлагийн солилцооны хөтөлбөр, 6-18 хүртэлх насны хүүхдийн бүжгийн наадам, Монгол-Япон орны бүх насны бүжигчдийг хамруулсан “Сүүн зам” олон улсын бүжгийн парад зэрэг бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулсан.

Мөн соёл солилцоо, мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлд бодитой ажлууд хийгдэж, “Ямаха” хөгжмийн мэргэжлийн үлээвэр хөгжмийн техникч, мэргэжилтэн бэлтгэх 2 жилийн хөтөлбөрт Улсын филармонийн хөгжимчинг, Хоккайдо мужийн захирагчийн тэтгэлгээр Монголоос хоёр хүүхдийг 2023 онд архитектор, гэрэл зургийн мэргэжлээр суралцуулахаар шийдвэрлэсэн.


Хэдхэн хоногийн өмнө гэхэд Монгол Японы соёлын өвийн асуудлаарх маш том хэлэлцүүлэг болж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаа бүрэн ярилцсан. Энэ нь зөвхөн хоёр улсын төдийгүй бүс нутгийн, дэлхийн хэмжээнд соёлын өвүүдээ харилцан хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад ач тустай. Энэ мэтээр хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, амжилттай урагшилж байгаа гэж дүгнэж болно. Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн шигээ ирэх жилүүдэд ч гэсэн хамтын ажиллагаа улам бүр сайжирна гэдэгт туйлын итгэлтэй байна.

 

Холбоотой мэдээ