КАТАР-2022: Хорват, Морокко, Коста Рика хожиж, Испани-Герман тэнцэж, Бельги, Япон, Канад хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-28 13:33:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” ДАШТ-ий 2 дугаар тойргийн өчигдөр /11.27/ 18.00 цагаас болсон Е хэсгийн Япон болон Коста-Рика улсын шигшээ багуудын тоглолтод Германыг хожиж, шуугиан тарьсан “Хөх самурайнууд” энэ удаа Коста Рикад 0:1-ээр хожигдлоо.


Коста Рикагийн тоглогч Кейшер Фуллер тоглолтын 81 дэх минутад Японы арын шугамын алдааг овжин ашиглаж гоол оруулснаар багтаа тун чухал хожлыг авчирсан юм. Япончууд тооны харьцааг тэнцүүлэх боломж байсан ч Кейлор Навас аргагүй шилдэг хаалгач гэдгээ нотлосон бол тоглолтын шилдгээр Кейшер Фуллер тодорчээ.


Энэ өдрийн 2 дахь тоглолт /11.27/  үдшийн 21.00 цагаас F хэсгийн Бельгийн шигшээ баг, Мороккогийн шигшээгийн хооронд өрнөж мороккочууд 2:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.  


Бельгийн тоглогчид тоглолтын эхний 72 минутад Тунисийн хаалганд гоол хийх боломжуудаа ашиглаж чадалгүй байсаар Мороккогийн Ромаин Саисс 73 дахь минутад чөлөөт цохилтоос эхний гоолыг оруулан энэ удаагийн ДАШТ-ий хөдөлгөөнгүй бөмбөгнөөс орсон анхны гоолын эзэн болов. Бельгичүүд үлдсэн цагт довтолгоо хийж тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдоод барсангүй. Харин шүүгчийн мэдлийн нэмэлт 90+2 дахь минутад Закариа Абоухлал гоол оруулж, Тунисийн шигшээ баг хожлоо улам баталгаажуулсан юм. Энэ  тоглолтын шилдгээр Хаки Зиеш тодров.


“Катар-2022” ДАШТ 2 дугаар тойргийн F хэсгийн Хорват - Канадын тулаан /11.27/ 00.00 цагаас явагдаж 4:1-ээр Хорватын шигшээ баг Канадын багийг хожив.


Тоглолт дөнгөж эхлээд Канадын Алфонсо Дэвис энэ ДАШТ-ий хамгийн хурдан буюу 2 дахь минутад эхний гоолыг оруулсан. Энэ гоол Канадын ДАШТ-д оруулсан анхны түүхэн гоол байв. Хорватаас /Андреж Крамарич 36 болон 70 минутад/ 2 гоол, Майер 44 дэх минутад гоол оруулсан бол, Ловро Мэажер 4 дэх /90+4/ гоолыг Канадын хаалганд оруулсан юм. Энэ тоглолтын шилдгээр Андреж Крамарич тодорсон.


ДАШТ-ий 2 дугаар тойргийн Е хэсгийн Испани - Германы шигшээ багийн халз тулаан /11.28/ шөнө дунд буюу 03.00 цагаас болж тэд 1:1-ээр тэнцлээ.


Энэхүү тоглолтод Испани хожсон бол Германы нөхцөл байдал тун ээдрээтэй болох байв. Тоглолтын эхний гоолыг 62 дахь минутад Алваро Мората Германы хаалганд оруулж, Испани тэргүүлсэн. Ханси Флик ч байдал хүндэрч байгааг мэдэрч, давхар сэлгээнүүдийг хийсэн. Ялангуяа бэртэлтэй, тоглохгүй гэж байсан Лерой Сане талбайд гарч ирсэн.


Ердөө 11 өдрийн өмнө шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн Никлас Фуллкруг энэ өдөр Германы азын од болж 83 дахь минутад Унай Симоны хаалганд гоол оруулсан юм. Харин түүнээс өмнө Германаас Антонио Рудигер гоол оруулсан ч отон тоглолтод тооцов.


Испани 4 оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Япон, Коста Рикагийн шигшээ багууд гурван оноотой байгаа бол Герман нэг оноотой байна. Энэ дөрвөн багийн аль ч хоёр нь дараагийн шатанд шалгарах боломжтой юм.



Холбоотой мэдээ