К.Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-28 09:16:50

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 33.1 хувьд буюу өнгөрсөн онд эмхлэн байгуулагдсанаасаа хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрснийг “Kyodo” агентлагаас ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Засгийн газрын гурван сайд сар хүрэхгүй хугацааны дотор огцорсны дараа санал асуулгыг явуулсан байна.


Дэмжигчдийн түвшин 10 дугаар сүүлээр явуулсан өмнөх санал асуулгын дүнгээс 4 гаруй хувиар буурсан бол санал асуулгад оролцогчдын 51.6 хувь нь Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа илэрхийлснээр энэ үзүүлэлт К.Фүмиог өнгөрсөн оны 10 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш анх удаагаа 50 хувийн босгыг давсан байна.


Өнгөрсөн бямба, ням гарагт орон даяар утсаар явуулсан санал асуулгад оролцогчдоос Ерөнхий сайдыг хэзээ огцруулах хүсэлтэй байгаа талаар тодруулахад, 30.2 хувь нь “нэн даруй” огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Харин 29.4 хувь нь эрх баригч Либерал Ардчилсан намын даргын бүрэн эрхийн хугацаа нь 2024 оны есдүгээр сар дуусах хүртэл, 23.6 хувь нь ирэх оны тавдугаар сард Хирошима хотод зохион байгуулагдах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг өнгөртөл хүлээнэ гэж хариулсан байна.


Мөн санал асуулгад оролцогчдын 62.4 хувь нь К.Фүмиог гурван сайдыг огцруулах шийдвэрийг хэт хожуу гаргасан гэж үзсэн бол 26.0 хувь нь тохиромжтой хугацаанд шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Терада Минорү өнгөрсөн ням гарагт улс төрийн санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас огцорсон юм. Түүнчлэн 10 дугаар сарын сүүлээр Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширо “Эв нэгдлийн сүм”-тэй холбоотой байсан нь илчлэгдсэнтэй холбоотойгоор, мөн 11 дүгээр сарын эхээр Хууль зүйн сайд Ханаши Ясүхиро цаазын ялын талаар зохисгүй үг хэлснийхээ улмаас огцорчээ.


Санал асуулгын хүрээнд түүврийн аргаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогч бүхий 519 өрхийн суурин утас, 1913 гар утасны дугаар луу залгаснаас 420 өрхийн гишүүн, 615 гар утасны хэрэглэгчийн хариултад тулгуурлан дээрх дүнг гаргажээ. 

Холбоотой мэдээ