ЗАВХАН: Суурьшлын бүсийг малгүй бүс болгоход малчид хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-16 18:19:14

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын малчдын зөвлөгөөн болж, 90 орчим малчин оролцжээ.

Малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсох, мэдээлэл солилцох зорилготой зөвлөгөөнд зургаан багийн 88 малчин оролцлоо. Зөвлөгөөний оролцогчдод аймгийн Цагдаагийн газраас малын хулгайтай хэрхэн тэмцэх, Татвар, Нийгмийн даатгалын хэлтсээс малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын ач холбогдол, малын хөлийн татварын талаарх мэдлэг ойлголт өгөх. Цаг, уур, орчны шинжилгээний газраас аймгийн бэлчээр ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийг зөв зохистой ашиглах, цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй авах талаар мэдээлэл өглөө.

Мөн Завхан сартуул гүртэн хоршоо, Завхан түншлэл хоршооны малын эмч нар малын вакцин, тарилга туулгын ач холбогдол малын өвчлөлийн талаарх мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн Богдын гол багийн Биндэргарав өрхийн эрүүл мэндийн төв малчдын биеийн эрүүл мэндийн индексийг тодорхойлж зөвлөгөө өгсөн байна. Зөвлөгөөнд оролцогч малчдын дунд санал, асуулга явуулж зөвлөлдсөнөөр уриалга дэвшүүлээд байна. Тухайлбал, төрийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, малчдын оролцоог нэмэгдүүлэх. Малын халдварт өвчлөлгүй эрүүл бүс нутгаа баталгаажуулах.

Малын үүлдэр угсааг сайжруулж, тоонд биш чанарт анхаарч, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах. Хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах. Улиастай хотын суурьшлын бүсийг малгүй бүс болгоход малчид, хотын захиргааны холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллахаар боллоо гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 орчим хувьтай хангажээ

Улиастай сум нь 320 гаруй малчин өрхтэй, 142 мянга 322 толгой малтай.

2022-2023 оны өвөл, хавар бусад аймаг, сумдын нутагт 62 өрхийн 18.383 толгой мал өвөлжих төлөвтэй байна. Харин Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт 9 малчин өрхийн 3000 гаруй бог мал өвөлжихөөр болсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхээр Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  68 албан байгууллагад албан тоот хүргүүлснээс одоогийн байдлаар 19 байгууллагын 20.4 тн өвсийг нөөцлөөд байна. Харин тариалан эрхлэгчид 100,3 тн малын тэжээл, малчид 129,5 тн хадлан бэлтгэжээ.

Мөн Бүгд Найрамдах Тува улсаас 10 тн тэжээл, 20 тн өвс худалдан авахаар захиалга өгсөн. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр орон нутгийн төсөвт 15 сая төгрөг, малын тоо толгойн албан татварын орлогоос 4 сая, нийт 19 сая төгрөгийг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 орчим хувьтай хангажээ. Түүнчлэн мал бүхий иргэд малчдад цаг агаарын урьдчилсан мэдээллийг цаг алдалгүй, өдөр бүр аймгийн УЦУОШГай хамтран гар утсаар дамжуулан хүргэж байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ