Хууль бусаар өвс хадаж байсан хадлангийн салаануудын үйл ажиллагааг зогсоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад өнгөрсөн долоо хоногт ажиллаад иржээ. Тус сумдад аж ахуйн нэгж, албан байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, малчдын бүлэг хоршоо, хувь хүмүүс гээд маш олон хадлангийн салаа үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний ихэнх нь зөвшөөрөлгүй байгааг шалгалтаар илрүүлсэн байна.
Сумдын засаг дарга нар нь хууль дүрмээ биелүүлэлгүй, ердөө хамтран ажиллах гэрээг тухайн аж ахуйн нэгж, хувь хүнтэй хийж маш их хэмжээний талбайг ашиглуулж байсан нь илэрчээ. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг байгаль орчны улсын байцаагч тогтоож, газар дээр нь холбогдох арга хэмжээнүүдийг авсан байна. Жишээлбэл: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хамгийн олон хадлангийн салаа ажиллаж байгаа бөгөөд дээд тал нь 30,000 га газарт хадлан хадах зөвшөөрлийг зөвхөн сумын засаг дарга өөрөө дур мэдэн олгосон байна. Тиймээс ажлын хэсэг тус суманд Хятад улсад өвс экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компаниуд, зөвшөөрөлгүй хувь хүн, албан байгууллага гээд 8 газрын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Асгат суманд Говьсүмбэр, Сэлэнгэ аймгаас улсын нөөц бэтгэх зориулалтаар ямар ч зөвшөөрөлгүй хадлан эрхэлж байсан 2 байгууллагын, Дарьганга суманд 2 хувь хүний хадлангийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Ажлын хэсгийн зүгээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан ажлаа дүгнэн хэлэлцээд, сумдад хадлангийн зориулалтаар газар ашиглах тухайн ААН, иргэний хүсэлтийг сум орон нутгийн зүгээс эхлээд багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэ, тухайн багийн нутаг дэвсгэрт хадлан хадахыг дэмжсэн иргэдийн санал, хурлын шийдвэрийг үндэслэн газар олгож байх. Хэрэв дэмжигдээгүй бол газар тариалан болон хадлан хадах зөвшөөрөл олгохгүй байх талаар холбогдох хүмүүст зөвлөгөө, үүрэг чиглэлийг хүргүүлсэн байна.
Т. Одончимэг