ЗАВХАН: Газар тариалангийн салбарт 80 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-14 16:09:41

Завхан/МОНЦАМЭ/. Түдэвтэй суманд 2022-2023 оны өвөл хавар 161 цэгт 182 өрх айлын 128.8 мянга мал өвөлжинө.

Харин гадна сум, аймагт таван өрхийн 2286 мал отроор явж өвөлжихөөр болсон. Энэ жил газрын гарц муу, бороо хур бага, цаг уурын онцлогоос шалтгаалж, тариалсан малын тэжээл муу ургасан. Гэсэн хэдий ч малчид, мал бүхий иргэд одоогийн байдлаар зах зээлээс 820 тн өвс, 18 тн малын тэжээлийг бэлтгээд байна.

Харин орон нутгаас 80 тн хужир шүү бэлтгэж мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг базааж байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарын хөгжилд бодлогоор дэмжлэг үзүүлэх олон талын ажил хийж байгаа. Түүний үр дүнд суманд хүнсний ногоо тариалах болон малын тэжээл тариалах иргэдийн тоо өссөн. Өнөөдөр газар тариалангийн салбарт 30 гаруй иргэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ онд 350 га талбайд малын тэжээл тариалж, 8 га-д төмс хүнсний ногоо тариалж 300 тн малын тэжээл, 30 тн төмс хүнсний ногоо хураан аваад байна. Мөн газар тариалангийн салбартаа 80 гаруй сая төгрөгөөр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, трактор, анжис, үрлэгч гээд бусад тоног төхөөрөмжийг татварын давсан орлогоороо татан аваад буй. Тариалан эрхлэгчдийнхээ зөвлөгөөнийг хийж, тариаланчдад тулгамддаг асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцох, санал хүсэлтийг нь сонсож хамтран шийдвэрлэх асуудлуудаа жил бүр төлөвлөгөө гаргаж баталдаг боллоо.


Энэ намар гэхэд “Түдэвтэйн намар–2022“ үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүн, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэх. Эрүүл аюулгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор анх удаа зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгч, тариаланчид оролцож 9 төрлийн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, талх, нарийн боов, оёдол, эсгүүр, жимс, хүнсний ногоо зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр оролцож худалдан авалт ч сайн байлаа гэж Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ