ӨМНӨГОВЬ: Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд хөрөнгө оруулалт татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2022-11-13 09:11:35

ӨМНӨГОВЬ /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо.


          Нээлтийн эхэнд хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний зорилт бодлого чиглэлийн талаар Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх танилцуулан зорилт бодлого чиглэлийн талаар илтгэл мэдээллийг зөвлөгөөнд оролцогчдод өгсөн юм. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага холбоодын төлөөлөгч гээд 170 гаруй хүн нээлтийн үйл ажиллагаанд мэдээлэл солилцлоо.


            Хүнсний аюулгүй байдал нь дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал бөгөөд манай орны хувьд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар УИХ-ын тогтоолоор үндсэн 5 зорилт, үйл ажиллагааны 41 чиглэлтэй, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэйгээр батлагдан хэрэгжиж байгааг энд танилцууллаа.

 

       Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлэхдээ “Манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд тус аймгаас хүнсний хангалтаа хангалттай хэмжээнд авдаггүй. Тогтвортой нийлүүлэлт хийдэг цөөхөн аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Тиймээс “Хүнсний хувьсгал” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа үндэсний хөдөлгөөн, ХХААХҮЯ-наас хэрэгжиж байгаа бодлого чиглэлтэй төлөвлөгөөт ажлаа уялдуулж, хүн амынхаа эрүүл мэнд,  орон нутгийнхаа усны чанарын асуудлыг шийдвэрлэн маш хурдтайгаар хувьсан дэвших шаардлагатай байна” гэлээ.

        Мөн Өмнөговь аймаг ингэний хоормогоороо брэнд болдог. Гэвч бүтээгдэхүүнээ нэг удаагийн хэрэглээний зориулалттай цэвэр усны хуванцар саванд хийж борлуулж байгаа нь хэрэглэгчдэд хүрэхдээ чанар алдагдаж байгаа сөрөг талтай учраас зах зээлд төдийлөн гаргах боломж хомс байгааг хэллээ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын чанар стандарт хангалтгүй байгаа нь хорт хавдрын өвчлөлийн нэг шалтгаан болж байна.


Өмнөговь аймаг барилга, орон сууцны бүтээн байгуулалтад ирэх онд хөрөнгө оруулалт хийхгүй харин хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлуудад санхүүжилтыг татан оруулж ажиллана.

Түүнчлэн махны эрүүл ахуйд анхаарал хандуулж, малын вакцинжуулалтын чанар стандартад хяналт шалгалтаа эрчимжүүлж, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэн малын эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, урамшуулах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэн 2023 оны төсөвт тодорхой санхүүжилтийг суулгахаар төлөвлөжээ.

 

      Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос санал авлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа нь хүн амын эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Энд уул уурхайгаас илүү газар тариаландаа анхаарч хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг газрууд хямд үнэтэй чанаргүй хүнсний ногоог худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байгаа ноцтой зөрчил тул аймаг сум бүр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Өмнөговь аймгийн хувьд өрхийн газар тариалан сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Гэвч газар тариалангийн салбарт хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой техник хэрэгсэл дутагдалтай байгаа нь тухайн орон нутагтаа хүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн хангахад томоохон бэрхшээл учирдаг талаар иргэд ярилаа.

 


 Орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

     Өмнөговь аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” талаар авах арга хэмжээний тухай 36-р тогтоолыг  хэрэгжүүлэхээр хүнсний боловсруулах үйлдвэрлэлд 6 зорилт, 11  арга хэмжээ, Газар тариалангийн үйлдвэрлэлд 6 зорилт, 9 арга хэмжээ, Мал аж ахуйн үйлдвэрлэлд 3 зорилт 7 арга хэмжээг тавин ажиллаж байна. Тухайлбал, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, малчид эрчимжсэн аж ахуйг урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төслүүдэд ханган нийлүүлэлтийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлж сав баглаа боодлын үйлдвэр байгуулах, талх, нарийн боовны үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийж, дунд оврын тоног төхөөрөмж нийлүүлэлтээр дэмжин ажиллана. Органик хүнсний баталгаажуулалтын байгууллагыг байгуулж, органик хүнсний бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийг хөгжүүлэн, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийг кластераар хөгжүүлж, бүтээгдэхүүн борлуулалтын кластер дахь дундын сүлжээ үүсгэх, хорших нэгдэх боломжийг дэмжин ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

                                                                                                                                                                                С.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Холбоотой мэдээ