ТӨВ: Монгол бичгийн цахим бичвэрийн сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-11 21:10:34

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ЕБС, МСҮТ, Политехник коллежийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар болон төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад монгол бичгийн сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.


Сургалтыг Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартын дагуу албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангах зорилгоор зохион байгуулжээ. Уг сургалт нь монгол бичгийн үсгийн фондыг хэрхэн суулгах, бичих, цахим бичвэрийг стандартын дагуу хэрхэн хэвлэх, турших агуулгын хүрээнд болов.


Энэхүү сургалтыг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Төрийн архивын тасаг, Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Албан бус насан туршийн боловсролын төв, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Архивын ерөнхий газартай хамтран нийт 203 албан хаагчийг хамруулжээ.


Сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр албан хаагчдын хүрээнд “Монгол бичгийн цахим бичвэр - 2022” аймгийн уралдааныг зохион байгуулахаар холбогдох удирдамж, чиглэлийг боловсруулан хүргүүлээд байна.

 

Холбоотой мэдээ