АНУ-ын Конгрессын завсрын сонгууль өнөөдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-08 11:38:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Конгрессын завсрын сонгууль мягмар гарагт буюу өнөөдөр болно. Завсрын сонгуулиар Ардчилсан намынхан парламентад олонхын суудлаа хадгалж үлдэх үү эсвэл хяналт бүгд найрамдахчуудад шилжих үү гэдэг нь тодорхой болох юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Жо Байден ирэх хоёр жилд улс төрийн чиг шугамаа үргэлжлүүлж чадах уу эсвэл улс төрийн өрсөлдөгчийнхөө дайралтыг няцаахаас өөр аргагүйд хүрэх үү гэдгийг санал хураалтын дүн харуулна. 


Америкчууд энэ өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын (Конгрессын доод танхим) бүх 435 гишүүн, Сенатын танхимын (дээд танхим) 100 гишүүний 35-ыг нь сонгоно.


Түүнчлэн 36 муж улс, гурван нутаг дэвсгэрт захирагчийн сонгууль болно. АНУ нь 50 муж улс, хүн ам суурьшсан таван нутаг дэвсгэр, хүн суурьшаагүй есөн нутаг дэвсгэртэй. Ихэнх мужид орон нутгийн засаг захиргааны гол төлөөлөгч болох ерөнхий прокурор, төрийн нарийн бичгийн дарга, сангийн сайд, орон нутгийн хууль тогтоох хурлын гишүүдийн сонгууль мөн явагдана. 


Одоогоор Ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимд олонхын суудлыг эзэлж байгаа бөгөөд одоогийн төрийн тэргүүн Жо Байден тус намын төлөөлөл юм.


Гэсэн хэдий ч сонгуулийн дараа байдал өөрчлөгдөж магадгүй байна. Сүүлийн саруудад үнийн огцом өсөлтөөс болж улс орны эдийн засгийн байдалд бухимдах хандлага АНУ-ын нийгэмд нэмэгдсээр байгаа. Бүгд найрамдахчууд энэ сэдвийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, Ардчилсан намын явуулж буй бодлого инфляцыг улам хөөрөгдөж байна гэж онцолж байгаа юм.


Санал хураалтын өмнөх урьдчилсан таамаглалуудаар Конгрессын дор хаяж нэг танхимд сөрөг хүчний Бүгд найрамдах нам хяналтаа тогтоож магадгүй байна.


Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлалтай байгаа бол Сенатын танхимд улс төрийн хоёр хүчний олонх болох “шанс” бараг тэнцүү байна. Сонгуулийн ийм үр дүн нь Жо Байдены ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст хүндрэл учруулж болзошгүй юм. Тодруулбал, парламентад хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд улам хэцүү болно.


Үүнээс гадна завсрын сонгуулийн дүн нь 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн явцад зарим талаар нөлөөлдөг байна. 

Холбоотой мэдээ