“Ганга нуурын чуулган 2016”-аар олон төрлийн тэмцээн уралдаан зохиогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-23 16:12:10

Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, ёс заншил, өв уламжлал зан үйлийг сэргээх зорилгоор зохион байгуулж буй “ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын шилдэг бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Дарьгангын 6 сумын дунд олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Дөрөв дэх удаагийн чуулганаар мөн бүх тэмцээнүүд зохиогдох юм байна.Уралдаанд сум бүр нэг баг болж оролцоно.

Уралдааны төрөлд:
1. Дарьганга язгуур гэр бүхий нүүдэлчдийн эд өлгийн соёлын үзэсгэлэн /Авдар, Ээрүүл, Хэдрэг, Эргэнэг, Ширдэг, Данх, Орчин үеийн болон эртний мөнгөн эдлэл /

2. Ардын авьяастнуудын урлагийн тоглолт  /Дарьганга ардын дуу хуур, бүжиг, магтаал ерөөл гэх мэт язгуур урлагийн төрлөөр 2 үзүүлбэр бүхий тоглолт бэлтгэнэ./

3. Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтны үзүүлбэр

4. Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий жороо морины үзүүлбэр

5. Адууны дэл засах уралдаан / Тухайн адуундаа тохируулан дэлийг засах /
6. Дарьганга марзай дуудах уралдаан / Аялгуу зөв тод байх, Дарьганга татлага, марзай /

7. Дарьгангын уламжлалт аман билиг, зан үйлийг харуулсан зохиомжит жүжигчилсэн тоглолт /Бэр гуйх ёс, үүдэн дарлага, сүй хэлэлцэх, дайралцаа мэтгэлцээ, даалууны гуншин гэх мэт Дарьгангын уламжлалт аман билиг зан үйлийг харуулсан 7-10 минутын жүжигчилсэн тоглолт бэлтгэнэ./

8. Сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа /Сүү цагаан идээг уламжлалт аргаар боловсруулан, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, өнгө үзэмжтэй савлагаа, боодол бүхий бүтээгдэхүүн / зэрэг багтдаг.

Уралдааны төрөл тус бүрээр тэргүүн, дэд, тусгай байр болон нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн сумдыг шалгаруулж, дурсгалын цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ