COP27: Талуудын бага хуралд 40 мянга гаруй төлөөлөгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-08 10:29:07
@ShoovdorBatbold

Шарм Эль-Шейх /МОНЦАМЭ/. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо 11 дүгээр сарын 7-нд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. 


Тэрбээр СОР27 Бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. 


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байгаа билээ. 


Уур амьсгалын асуудлаарх өмнөх бүх чуулган 3 үндсэн агуулгаар явагдаж ирсэн. Тухайлбал, мэргэшсэн шинжээчдийн оролцоотой албан ёсны хэлэлцээ, өндөр дээд албан тушаалтнуудын уулзалт ба мэдэгдлүүд, бизнесийн холбоод, томоохон компаниуд ба олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон албан ёсны бус арга хэмжээ гэсэн хэлбэрээр зохион байгуулагддаг юм. 


Энэ удаагийн Бага хурал 4 үндсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнд, Дэлхийн дулаарлын улмаас учирч байгаа хохирлыг нөхөн төлөх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах төслүүдийг дэмжих, амласан 100 тэрбум ам.долларыг хэрэгцээтэй байгаа улс орнуудад олгох, хаягдлыг бууруулахад чиглэсэн үндэсний стратеги төлөвлөгөөний үр дүнг нэгтгэн дүгнэх зэрэг багтаж байгаа юм. 


Бага хуралд 190 шахам орны 100 гаруй төрийн зүтгэлтэн, улстөрч, түүнчлэн 40 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурал болж буй Шарм Эль-Шейх нь экологид чиглэсэн нийт 31 төслийг амжилттай хэрэгжүүлсэн Ойрхи Дорнодын анхны эко хот юм. Улаан тэнгисийн эрэгт, Синайн хойгийн өмнөд үзүүрт орших амралт сувиллын Шарм Эль-Шейх хотыг “Ногоон хот” болгон хувиргах зорилгоор Дэлхийн экологийн сангаас 7 сая ам.доллар олгожээ. Ингэснээр сүүлийн хэдэн сард экологийн хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлж, нийтийн тээврийн сүлжээг цахилгаанжуулан, эко зочид буудлуудын сүлжээг өргөжүүлсэн байна. Тус хотоос СОР27 Бага хуралд оролцогчдод зориулан Египетэд үйлдвэрлэсэн 110 ширхэг цахилгаан автобусыг үйлчилгээнд явуулж байна. 


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар Бага хуралд оролцсоны мөрөөр 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон юм. 

Т.Энхтуяа

Холбоотой мэдээ