МАН газрын шинэтгэлийн хүрээнд далд эдийн засгийг ил болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан. Газрын тухай ерөнхий хуулиас гадна Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслийг хамтатган хэлэлцэх юм.
Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтатган хэлэлцэх тал дээр санал нэгдэв. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондын уялдааг хангах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0,04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн эрхийг улам баталгаажуулах чиглэлд тодотгох шаардлагатай. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж үгүй. Өнөөдрийн байдлаар 1,1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх харилцаанд орсон байна. Ингэснээр Монгол Улсын нийт иргэдэд хамаатай эрх зүйн харилцааны шинэтгэл явагдах гэж байна гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд Газрын тухай хуультай
мөртлөө хуульгүй юм шиг явж ирсэн. Тусгай хамгаалалттай газар дээр
отог барих зөвшөөрлийн хүрээнд хэдэн 100 мянган орон сууц ямар ч улсын
бүртгэлгүй байж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр
газрын 97-98 орчим хувь нь татвар төлбөрөөс чөлөөлөгддөг. Үнэгүй олгож байгаа үр дагаврыг далимдуулж тухайн үед ажиллаж байсан Засаг дарга болон
газрын албаны албан хаагчид далд байдлаар газрыг үнэтэй зардаг. Цаашлаад авлигын мөнгөө барьж буй орон сууцандаа шингээж,
иргэдэд худалдан борлуулдаг. Иймд газрын шинэтгэлийн хүрээнд далд эдийн
засгийг ил болгох, татвар авах эдийн засгийн хөшүүрэгтэй хамт шийднэ” гэлээ.