Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлан, хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-03 16:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Инженерийн барилга байгууламж, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Сэмхи Ли, Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн профессор Чой Жон Гуан, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэгийг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн талаар хэлэлцэж, Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд, БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцлоо.


Хотын дарга “Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туул, Сэлбэ голыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, урсацыг сайжруулснаар Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөллөх, чийгшлийг нэмэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдолтой” хэмээсэн юм.


Тус төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов. Нийслэлээс бүх талаар дэмжихээ Хотын дарга илэрхийлснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ. 

Холбоотой мэдээ