ЗАВХАН: БНСУ-ын Каннын хоттой хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-01 17:41:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг БНСУ-ын Канвон мужийн Каннын хоттой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Улам-Оргих, БНСУ-ын Канвон мужийн Каннын хотын Иргэдийн хурлын дарга Ким Ки Ёонг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд тус аймаг хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн Завхан аймгийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засаг, эрүүл мэнд, техник технологи, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Дээрх салбаруудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж дадлагажуулах, оюутан, залуучуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг уулзалтын үеэр уламжилжээ.

Саналыг Каннын хотын төлөөлөгчид дэмжиж ирэх оноос эхлэн тусгай төлөвлөгөөний хүрээнд салбаруудын мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, оюутнуудыг БНСУ-суралцуулахад хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Ташрамд Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал БНСУ-ын Канвон мужийн Каннын хотын төлөөллийг энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд хамтран ажиллах гэрээг байгуулахаар шийдвэрлэсэн ажээ. Уулзалтын үр дүнд 10 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Канвон мужийн Каннын хотын зочид төлөөлөгчид Завхан аймагт албан айлчлал хийсэн байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ