С.Чинзориг: Сумын ЗДТГ-ын албан хаагчид мөнгөн урамшуулал олгох зохицуулалт шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-27 16:37:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.


УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалт тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар, сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болно гэж төсөл санаачлагчид үзжээ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 25-ны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн банйа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчдын тогтвор суурьшил, амьжиргаатай холбоотой асуудлыг хөндөн асуув. УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүдийн асуултад хариулахдаа, "Сумын ЗДТГ-т ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын цалин бага байгаагаас албан хаагч тогтвортой ажиллахгүй, өөр газар шилжих, орон тоо гарсан ажлын байр нөхөгдөхгүй байна.


Сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын цалин 615 мянга, боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч, төрийн захиргааны бусад албан хаагчийн цалин 850-950 мянган төгрөг байгаа. Цалин хөлс ялгаатайгаас Тамгын газрын ажилтнууд ажлаасаа гарч байна.


Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллах ёстой 1338 орон тоо сул байна. Шалтгаан нь 854 мэргэжилтэн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн, 319 нь өөр ажилд шилжсэн судалгаа бий. Тамгын газрууд 1089 сул орон тооны захиалга төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн бол 499 орон тоо нь нөөцөд бүртгүүлсэн хүнгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүй байна. Сумдын ЗДТГ-т одоогоор төрийн захиргааны 2487 албан хаагч ажиллаж байна. Эдгээрээс 1 жил ажиллаж байгаа 297, хоёр жил 206, гурван жил 230, дөрвөн жил 210, тав ба түүнээс дээш ажиллаж буй 1534 албан хаагчид байна.


Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд 6 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр оруулахаар өргөн барьж, танилцуулж байна. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ гэвэл 1534 хүнд мөнгөн урамшуулал олгох 5 тэрбум, цаашид жилд дунджаар нэг орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай"-г танилцууллаа. 

 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх буюу 63.8 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.


Ташрамд дурдахад, Аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын алба , шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байна.

Холбоотой мэдээ