ХОВД: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-27 09:27:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” сэдэвт өдөрлөгийг Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд дээр үе шаттай зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, багш, сурагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийн кейс илрүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлд хяналт үнэлгээ хийхэд чиглэж байна. 

“Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” өдөрлөгийг энэ сарын 24-нд Жаргалант сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулиас эхэлсэн бол одоо гурав дахь сургууль дээр өрнөж байна.

Өдөрлөгийн хүрээнд  хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн сургуулийн орчин нөхцөлтэй танилцаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар багш ажилчин, удирдлагууд, сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, мэргэжил арга зүйгээр ханган харилцан зөвлөлдөж, санал бодлоо солилцож буй.  


Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах тал дээр салбарын мэргэжилтнүүд яриа таниулга хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. 


Мөн тус өдөрлөгийн үеэр тус сургуулийн сурагчдын “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” сэдэвт зохион бичлэг, шүлгийн уралдаан, “Хүмүүжлийн эерэг арга миний нүдээр” гар зургийн уралдааны шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж, танин мэдэхүйн “АХА” болон “Open mic” хөгжмийн нээлттэй тэмцээн өрнүүлэв. Түүнчлэн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг оролцуулсан плаш моб бүжгийг зохион байгуулжээ. 


“Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” өдөрлөг цаашид тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу сургууль тус бүрт үргэлжилнэ.   

Холбоотой мэдээ