“Сум дундын Ойн анги” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:46:26

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Сум дундын ойн анги байгуулах тухай асуудлыг  хэлэлцэв. Тус аймагт нийт 81997 га талбай бүхий ойн сан байдгаас Хонгор суманд 94,6 хувь буюу 77623 га талбай байдаг байна. Өнөөг хүртэлх хугацаанд Хонгор суманд ойн анги харъяалагдаж байсан аж.

Монгол Улсын Засгийн газрын батласнаар Дархан-Уул аймгийн ойн ангийг Дархан суманд харъяалуулж “Сум дундын ойн анги”-тай байхаар заасан учир уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж байгаа тухай аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзориг танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн Байгаль, Орчин, аялал жуулчлалын газрын харьяанд аймгийн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах асуудлыг хариуцаж зохицуулах үүрэг бүхий “Сум дундын Ойн анги”-ийг байгуулж ажиллуулах тогтоолын төслийг батлав. Энэхүү “Сумд дундын ойн анги”-ийн бүтэц орон тоо, дүрмийг батлаж шаардлагатай төсөв зардлын тооцоог жил бүрийн төсөвт суулгаж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгав.

Мөн тус анги нь Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн дагуу ойн нөөц баялгийг хамгаалж зохистой ашиглаж нөхөн сэргээж үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага юм байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд