ХОВД: Заарт харх, зэрлэг гахай агнах зөвшөөрөл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-22 10:18:02

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо.


Энэ үеэр Ховд аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн тухай, Ахуйн зориулалтаар барих, агнах агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар, төлбөр хураамж тогтоох, байгалийн ургамал түүх зөвшөөрөл олгох тухай,  Ашигт малтмал, газрын тосны газраас Хар-Ус II, Шарга III талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан дүгнэлт гаргах, Төсвийн нэршил өөрчилж батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргажээ.   

Буянт гол дагуу Ойн бүсэд нийт 37 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар бий. Үүнээс 25 нь тухайн газрыг зориулалт бусаар ашиглаж байгаа учир цуцлах асуудлыг хөндөхөөс гадна зориулалтын дагуу ашиглаж байгаа газрыг хэлэлцээрт оруулж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэж аймгийн Засаг дарга Э.Болормаа дээрх хуралдааны үеэр хэллээ. Зарим иргэд, зарим төлөөлөгчид ойн бүсийг чөлөөлөх нь зүйтэй гэх саналыг энэ үеэр илэрхийлж байлаа.  


Ховд аймгийн хэмжээнд 2022 онд ахуйн зориулалтаар агнах зэрлэг гахайн тоо хэмжээг баталсан байна. Сүүлийн үед зэрлэг гахай нь орон нутгийн малчдын гэр, тариаланчдын талбай руу орж сүйтгэх, мал барих гээд хамгийн багадаа нэг айл өрхөд нэг сая төгрөгийн хохирол учруулж байгаа тохиолдол их гарч байна.  


Иймээс энэ удаагийн хуралдааны хүрээнд Буянт суманд 2,  Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Булган суманд тус бүр 1 буюу нийт 6 зэрлэг гахай агнах зөвшөөрөл олгосон юм. Ахуйн зориулалттай агнах амьтны төлбөрийг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцно. Ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний хоёр хувиар тооцон авч, орон нутгийн төсөвт оруулахыг агнуур зохион байгуулах сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.  


Мөн Хар-Ус нуураас заарт харх агнах хэмжээ, хуваарийг баталлаа. 
Амьтдын тоо толгойг сийрүүлж, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор Хар-Ус нуур орчимд 5 сумын иргэд 30 мянган заарт харх агнахыг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зөвшөөрчээ.


Заарт хархыг 1967 онд Хар-Ус нуурт нутагшуулсан бөгөөд өсч үржин тухайн орчиндоо багагүй хор хөнөөл учруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэж нутгийн иргэд хэллээ. Заарт харх нь нэг удаагийн төрөлтөөр 6-10 зулзага гаргана. Өнтэй жил 3-4 удаа зулзагалах ч бий. Хавар төрсөн зулзага намар нь үржилд ордог байна.


Ахуйн зориулалтаар агнах дээрх амьтны тоо хэмжээнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг салбар байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.    

Холбоотой мэдээ