ХОВД: “Нутгийн намар” өдөрлөг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-19 10:09:11

Ховд /МОНЦАМЭ/.  Орон нутгийн иргэдэд  төрийн болон  эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс үнэгүй хүргэх зорилго бүхий “Нутгийн намар” өдөрлөг одоогоор 15 дахь сумандаа амжилттай үргэлжилж байна. 

Өдөрлөг эхэлснээс хойш Алтай, Булган, Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Цэцэг, Үенч, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань гэх мэт 14 сумын, хөдөөгийн багийн давхардсан тоогоор 17 мянга гаруй иргэнд төрийн болон эрүүл мэнд, урлаг, соёлын үйлчилгээг ойртуулан хүргэж, санал бодлыг нь сонсон ажиллажээ.

Өдөрлөг маргааш Дуут суманд болно. УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын ажлын алба, бусад мэргэжлийн байгууллагын хамтарсан 35 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй.

Энэ удаагийн “Нутгийн намар“ өдөрлөгийн хүрээнд иргэд, малчдад үзүүлж буй эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд чих хамар хоолой,  нүд, шүд, дотор, мэдрэл, эхо, рентген, эмэгтэйчүүд, хүүхдийн эмчийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ багтсан байна.  Мөн цусан дахь сахар тодорхойлох үйлчилгээ, эмчилгээг газар дээр нь үзүүлж байгаа юм.

Хөдөөгийн малчид, иргэдийн хэлж байгаагаар тэд сумын төв, багаас аймгийн төв, нийслэл хотыг зорин очиж эмчид үзүүлэх боломж бололцоо, цаг зав бага байдаг. Орон нутгийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ үгүйлэгдэж байна. Энэ бол хөдөөгийн болон завгүй малчин иргэдэд нэн хэрэгцээтэй чухал ажил юм. Хөдөөгийн иргэдийг төрийн болон эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд нэг дор хамруулсан нь цаг үеэ олсон сайхан ажил бөгөөд эрүүл мэнддээ анхаарах боломж олгосонд талархалтай байна гэж зарим иргэд хэллээ.

 
Мөн мал эмнэлэг, хөдөө аж ахуй, тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээ, хүүхдийн асуудал, онцгой байдал, цагдаагийн ажлын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуултад хариулт өгөв. Дээрх өдөрлөгийг жил бүрийн намар өрнүүлж байгаа нь нутгийн малчид өвлийг өнтэй даван туулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар таниулж, зөвлөн тусалж байгаатай холбоотой.


Тухайлбал, Ховд аймагт 150 сая төгрөгийн шагналын сантай “Өвөл, хаврыг өнтэй давцгаая” уралдаан зарлажээ.


Баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрч зуд турхан болох эрсдэл өндөр байгааг ОБЕГ-аас сануулсан. 
Мөн нийт нутгийн 90 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн тус аймгийн нийт нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөв мэдээ гарчээ.  

Иймээс сум, малчид өвөл, хаврын бэлтгэлээ цаг алдалгүй, чамбай сайн базааж авах нь чухал байна. Нөхцөл байдал хүндэрсэн хойно биш өмнө нь урьдчилан сэргийлэх ажлаа зөв зохион байгуулж, хаа хаанаа бэлтгэлээ сайтар базаах үүднээс 150 сая төгрөгийн шагналын сантай “Ховд аймаг-Өвөл, хаврыг өнтэй давцгаая” уралдааныг анх санаачилсан аж. 

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайн базааж, хохирол багатай давсан сумыг шалгаруулсны үр дүнд нэгдүгээр байрт  20.000.000 /хорин сая төгрөг/, хоёрдугаар байрт 15.000.000 /арван таван сая төгрөг/, гуравдугаар байрт 10.000.000 /арван сая/ төгрөгөөр шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.

Мөн 16 сумын хөдөөгийн нийт 63 баг тус бүрээс нэг малчин өрхийг “Хашир өрх”-өөр шалгаруулан гадаадад аялах эрхийн бичгээр шагнана гэж УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ