АСЕМ, Дугуй цагаан, Богд хааны музейн тохижилт 90 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-10-17 15:38:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөнөөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат тохижилтын 105 ажил хийж байгаагаас шинэ 91, он дамжин хэрэгжих 104 ажил байгааг танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар хийж буй ажлууд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тухайлбал, жишиг гудамжны ажил 49, дугуйн замын ажил 87, явган зам, гүүрний ажил 72, эмнэлгийн  гадна тохижилт 80, цэцэрлэг, сургуулийн тохижилт 85, хүүхдийн тоглоомын талбай 81, хөл бөмбөгийн талбай 60, орон сууцны хороолол дундах тоглоомын 22 талбай 76, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тохижилт 95, сагсан бөмбөгийн талбай 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Томоохон тохижилтын ажлаас дурдвал, АСЕМ-ийн тохижилт 90 хувь, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдчихвэл энэ долоо хоногтоо 100 хувь ашиглалтад орох боломжтой. Дугуй цагааны тохижилтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, ариун цэврийн байгууламжийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Богд хааны ордон музейн гадна тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ долоо хоногт дуусган, комисст хүлээлгэн өгнө” хэмээв.

Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг, “Нийслэлийн Засаг даргын 12 захирамжийн хүрээнд 90-ээд ажил хийж байна. Захирамжийн хэрэгжилт 70 хувьтай байгаа. Барилгын хөгжлийн төвөөс магадлан хийж байж, Улсын комисс хүлээж авна. АСЕМ, Дугуй цагаан, Богдын музейн тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон” гэв.

Холбоотой мэдээ