Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-21 13:17:49

ПХЕНЬЯН. /Xinhua/. Их Британид суугаа Элчин сайдын орлогч Тэ Юн-хо гэмт хэрэг үйлдээд шийтгэлээс зугтан Өмнөд Солонгост урвасан гэж БНАСАУ мэдэгдлээ.

БНАСАУ-ын төв мэдээний агентлаг болох КСНА бямба гарагт мэдээлснээр, Тэ Юн-хо  нь төсвийн мөнгийг шамшигдуулж, төрийн нууцыг худалдаж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

БНАСАУ мөрдөн шалгуулахаар ирэхийг түүнд зургадугаар сард үүрэг болгож, тус улсын Прокурорын Ерөнхий газар түүний хэргийг мөрдөн шалгаж эхлэх шийдвэрийг өнгөрсөн сарын 12-нд гаргасан гэнэ.

Гэмт хэрэгтнийг хамгаалж, энэ хэргээр далимдуулан БНАСАУ-ын нэр хүндийг унагааж, БНАСАУ-ын эсрэг суртал нэвтрүүлгийг эрчимжүүлэхийг Өмнөд Солонгос оролдож байна гэж Сөүлийг Пхеньян буруушааж байна.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “БНАСАУ-аас Их Британид суугаа Элчин сайдын орлогч гэр бүлийнхэнтэйгээ манай улсын засгийн газрын хамгаалалтад байгаа” гэсэн билээ.

Тэ нь Сөүл рүү дүрвэсэн БНАСАУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ