ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Ш.Оюунжаргал: Ногооны ашиг тусыг мэдэрч тариалахыг эрхэмлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-12 14:42:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд нутгийн хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс нь экологийн цэвэр бүтээгдэхүүн, баталгаатай хүнс гэдгээрээ онцлогтой.   

Ховд аймаг хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Жилд дунджаар 2100- 2900 га талбайд үр тариа /хөх тариа/, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, жилд 20.0-28.0 мянган тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалд зориулсан нутгийн брэнд бүтээгдэхүүн гаргахаар төр, иргэн, аж ахуйн нэгжүүд зорин ажиллаж буй. 


Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн ажил эрхэлж байна. Тэдний төлөөлөл бол Улсын аварга тариаланч Ж.Оюунжаргал юм. 

“Алтан хөрсний ундарга” хоршоогоороо дамжуулан хөдөө аж ахуйн зохистой дадал бий болгож, тариалалтын шинэ аргыг туршсаар ирсэн Ж.Оюунжаргалыг энэ удаа  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд онцолж байна.   


Түүний ногооны талбайд хүмүүс элбэг тариалдаггүй ч эрүүл мэндэд ач тустай хүнсний ногоо элбэг байна.

Бууцай, шанцай, улаан саримс, маалинга, цагаан лууван, дун ногоо, наранцэцэг, хурган гуа гэх мэт  35 нэр төрлийн ногоо, ургамлыг орон нутгийн хөрсөнд туршин тарьж, химийн нэмэлт бордоогүй ургуулж байгаа гэж Улсын аварга тариаланч Ж.Оюунжаргал танилцууллаа.      


Энэ жил 40 гаруй тонн ургац хураан авсан бөгөөд зарим ногоог боловсруулж, эрүүл, чанартай бүтээгдэхүүн болгож эхлээд байна.   

Саримс чинжүүний нухаш, даршилсан дун ногоо, өргөст хэмх зэрэг олон төрлийн ногоог даршлах, хатаах аргаар боловсруулсан бөгөөд цаашид стандарт бүхий зориулалтын сав баглаа боодолтой болгох, хүнсний нарийн ногооны төрөлжсөн дэлгүүр нээхээр зорин ажиллаж байгаа юм. Мөн талбайн хэмжээ бус хамгийн гол нь үржил шим сайтай хөрс байх тал дээр анхааран талбайгаа арчилж торддог аж.  


“Сүүлийн үед төрөл бүрийн хүнсний ногоо тариалах явдал өсч байгаа боловч хэрхэн хэрэглэхийг нь мэдэхгүй, хүнсний ногооны ашиг тусыг мэдэрч чадахгүй явдал байдаг. Би 31 жилийн хугацаанд газар тариалангийн салбарт ажиллаж, хүнсний ногооны чиглэлээр судалгаа хийсээр ирсэн. Иргэдэд хүнсний ногоо зарахдаа авч буй ногооных нь онцлог, давуу тал, эрүүл мэндийн ач холбогдлыг сайтар тайлбарлаж өгөх дуртай. Хүнсний ногооны ашиг тусыг мэдсэн хүмүүст ногоог дахин хэрэглэх хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарсан гэж Улсын аварга тариаланч Ж.Оюунжаргал хэллээ.

Жишээ нь бууцайг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай, 14 төрлийн амин дэм агуулдаг. Уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй. 

Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой.  Түүний навчинд агуулагддаг амин дэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.  

Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ аль ч тохиолдолд бууцайг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэж эмч нар зөвлөдөг.     


Хүнсний ногоог зөв тарьж ургуулан, зөв зохистой хэрэглэж хэвших нь чухал юм. Мөн газар тариалангийн салбар, тариаланчдыг түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийг тогтвортой болгох асуудал яригдсаар байна. 
Тарьж ургуулсан зарим хүнсний ногооны нэр төрөл дээр илүүдэл үүсэхээс сэргийлэх, илүүдэл үүссэн тохиолдолд түүнийг дахин боловсруулан ашиглах боломжийг эрэлхийлэхийг тариаланчдад тэрбээр уриаллаа.   


Холбоотой мэдээ