БАЯНХОНГОР: 1000 тоннын мах, ногооны зоорь барих ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-07 14:54:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 тоннын мах, ногооны зоорь барьж байгуулж байна.


Зоорийг Баянхонгор аймгийн төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор эхлүүлсэн Шинэ суурьшлын бүсэд байгуулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.


Ирэх онд тус зоорь ашиглалтад орсноор тус аймгийн газар тариалан эрхлэгчид болон малчид зориулалтын стандарт агуулахтай болох юм. Зоорьгүйн улмаас тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах боломжгүйгээс үүдсэн олон асуудалтай нүүр тулдаг байсан тус аймгийнхан зоорьтой болох санал хүсэлтийг удаа дараа тавьж ийнхүү шийдүүлжээ.

Холбоотой мэдээ